Сингапурын Ерөнхий сайд АСЕАН-ы хувьд Хятадтай харилцах нь тэргүүлэх чиглэл гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-19 08:28:18
СИНГАПУР./ТАСС/. Ирэх онд Сингапур улсын даргалах Зүүн өмнөд азийн орнуудын холбооны /АСЕАН/ хувьд Хятадтай харилцах нь тэргүүлэх чиглэл байх болно. Энэ тухай Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун БНХАУ-д хийх гэж буй айлчлалынхаа өмнө мягмарт гарагт Хятадын “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

“Ирэх жил АСЕАН Бээжингийн харилцаанд ихээхэн чухал жил болно, тухайлбал Хятад улс тус холбооны яриа хэлэлцээний түнш анх болсноос хойш 15 жил болж байна. Тэр үед /2003 онд/ стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон” хэмээн Сингапурын Засгийн газрын тэргүүн онцлон дурджээ.

“АСЕАН-БНХАУ-ын харилцаанд зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд 2018 оны тус холбооны даргын үүргийг гүйцэтгэх хугацаандаа Сингапур улс талуудын хоорондын хамтын ажиллагааг маш идэвхтэйгээр хөгжүүлэхийг чармайх болно. Хятад улс нь АСЕАН-ы ихэнх гишүүн орнуудын хувьд худалдааны томоохон түнш төдийгүй дээрх улсуудын хувьд гадаадын жуулчдын хамгийн том эх үүсвэр болдог орон юм” хэмээн Ли Сянь Лун тэмдэглэн хэлжээ.

Өнгөрсөн онд хамгийн бага түвшинд хүртлээ буурсан Бээжин болон АСЕАН-ы зарим орнуудын хоорондын харилцаа аажмаар сэргэх хандлагатай байгааг мөн Ерөнхий сайд онцолжээ. "Харилцаа ингэж муудах болсон шалтгаан нь Өмнөд Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хийгээд “Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудыг эзэмших “түүхэн эрхгүй” гэсэн Гаагын арбитрийн шүүхийн шийдвэр” болж байна гэж Ли Сянь Лун тайлбарлажээ.

Гэсэн хэдий ч талууд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар хэд хэдэн орны Гадаад Хэргийн яам хооронд халуун шугамыг нээн ажиллуулж байгаа нь энэ тал дээр хийж буй эерэг алхам юм гэж тэрбээр нэмж хэлжээ.
О.Барс
Холбоотой мэдээ