Хүүхдийг төрөнгүүт нь нүдний нарийн мэргэжлийн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Энэ үеэр хүүхдийн харааг хамгаалах, нүдний гэмтлээс урьдчилан сэргийлэх, нүдний эмгэгүүдийн үед илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээ, хүүхдийн нүдний харааг шалгах аргачлалыг Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургууль, 9 цэцэрлэг, зургаан Өрхийн эмнэлгийн эмч, эрүүл мэндийн багш нарт заажээ. Мөн 9 цэцэрлэгийн 450 гаруй хүүхэд, сургуулийн 230 орчим хүүхдүүдэд нүдний урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийж, шаардлагатай эмчилгээг хийсэн байна. Түүнчлэн сургууль бүр дээрх хүүхдүүдийн сайн дурын клубээр дамжуулан “нүдээ хайрлая” сэдэвт аяныг зохион байгуулж нүдний хараагаа хэрхэн яаж хамгаалах талаарх зөвлөгөө сурталчилгааг хүүхдүүд үе тэнгийнхэндээ хийжээ. Цаашид хүүхдийн нүдний эмгэгээс урьдчилан сэргийлэх талаарх сургалт сурталчилгааг сургууль цэцэрлэгүүдэд шат дараатай байршуулна. Учир нь эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид нүд хэмээх чухал эрхтнийг хайрлах талаарх зөв мэдээллийг авах ёстой.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бол хүүхдийг төрөнгүүт нь, бүр төрснийх нь дараагийн хоёр цагт багтаан нүдний үзлэгт хамруулдаг, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийдэг байна. Учир нь нүд хамгийн чухал эрхтэн. Гэрлийг мэдэрч, хүлээн авах үүрэгтэй, тархинд очиж буй мэдээллийн 90 хувийг дамжуулдаг нүдийг анхаарахаас аргагүй. “Төрөнгүүт нь биш юмаа гэхэд, хоёр нас хүртэл нь нүдний нарийн мэргэжлийн эмчид заавал үзүүлэх, ийм шаардлагатайг өрхийн эмч нар эцэг, эхчүүдэд ойлгуулах, шаардах хэрэгтэй” хэмээн эмч нар арга хэмжээний үеэр зөвлөж байв.