Өгийнуурыг бүхэлд нь нэг цэг дээрээс хянаж, дүрэм журмыг чандлан сахиулах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-21 18:16:49
Архангай /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Монголын шувуу хамгаалах төв хамтран, Японы байгаль орчныг хамгаалах Олон улсын НАГАО сангийн дэмжлэгтэйгээр “Өгий нуурт тулгамдаж буй бэрхшээлийг талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг Өгий нуурын мэдээллийн төвд зохион байгууллаа.

Уг хэлэлцүүллэг сургалтанд БОАЖЯ, Архангай аймгийн Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, Өгийнуур сумын удирдлагууд, Өгий сангийн төлөөлөл, Өгийнуур орчмын жуулчны баазуудын төлөөлөл, загасчдын төлөөлөл болон нутгийн иргэд, судлаачид гээд нийт 40 гаруй хүн оролцсон байна.

Шувуу болон загас судлаачид мөн аялал жуулчлалын мэргэжилтнүүд нуурын өнөөгийн асуудлаар илтгэл хэлэцүүлсэн нь чухал ач холбогдолтой болжээ. Өгий нууранд тулгамдаж буй томоохон асуудлууд болох зүй зохисгүй аялал жуулчлал, хяналтгүй загасчлал, сэлгээгүй бэлчээр ашиглалт зэрэг сэдвүүдийг ярилцан нутгийн иргэдийн саналыг авч цаашид хэрэгжүүлэх шаардлагатай алхамуудыг тодорхойлсон байна.

Энэ хэлэлцүүлгээс гарсан үр дүнг эцэслэж холбогдох газруудтай зөвлөлдөн Өгий нуурын цаашдын менежментийн төлөвлөгөөнд шаардлагатай чухал бүрэлдэхүүн хэсэг болгон нэгтгэх нь хамгаас чухал юм. Өгийнуур бол бусад РАМСАР-т орсон нууруудаасаа хэмжээгээрээ хамгийн бага буюу 2570га учир хяналтыг сайжруулах ажлыг хамтын оролцоотойгоор хийж чадвал бүрэн хянах боломжтой жишиг болохуйц нуур юм. Өөөрөөр хэлбэл нуурыг бүхэлд нь нэг цэг дээрээс хянаж, дүрэм журмыг чандлан сахиулж болох бөгөөд ингэснээр хяналтыг сайжруулж зүй зохиостой бэлчээр ашиглалт, хяналттай загасчлал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.


Мөн Өгийнуур сумын ЕБ-ын сургуулийн 60 орчим сурагчдад “Өгий нуурын шувуудаа амьдрах орчинтой нь хамгаалцгаая” сэдэвт нуурын шувуудын намрын нүүдлийг ажиглах өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд сурагчид идэвхитэй оролцжээ. Энэ өдөрлөгийн үеэр нууранд 32 зүйлийн шувууд бүртгэгдсэн.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ