Аймгийн Цагдаагийн газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-03 07:59:37
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын ахмадын баярыг тохиолдуулан аймгийн Цагдаагийн газраас ахмад ажилчиддаа хүндэтгэл үзүүллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд цэцэг өргөж, ёслолын жагсаал хийв. Мөн 1980 оноос хойш тус газрын даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нарыг хүлээн авч гурван үеийн уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Аймгийн Цагдаагийн газрын харьяа 50 орчим ахмадууд байдаг бөгөөд тэд өдгөө ч байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжиж, залуучууддаа сургааль зөвлөгөөгөө хайрласаар байгаа юм.

“Энэ жил Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар байгуулагдсаны түүхт 75 жилийн ой болсон. Ойн баяраа бид дээд байгууллагаас өгсөн зөвшөөрлийн дагуу, мөн аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр маш амжилттай зохион байгуулсан. Энэ түүхт ойн арга хэмжээний нэг хэсэг болгож Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нараа урьж хүндэтгэл үзүүлэх, мөн хойч залуу үеийнхэнтэйгээ дурсамжаа хуваалцах, зөвлөмж өгүүлэх зорилгоор Миний залуу нас өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд найман дарга газар газраас хүрэлцэн ирээд байна. Эдгээр дарга нар маань тухайн үеийн эрүү болон хэв журмын нөхцөл байдал,ноцтой гэмт хэргийг илрүүлж байсан арга туршлага, аймаг орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллаж байсан тухайгаа харилцан ярилцсан сайхан арга хэмжээ боллоо...” хэмээн аймгийн ЦГ-ын дарга, хурандаа Т. Ганзориг хэллээ.

Цагдаагийн хурандаа, ахмад ажилтан Ц.Нацагням 1979-1987 оны хооронд тус газрын Нийгмийн аюулаас хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Үүнээс хойш 30 жилийн дараа, ЦГ-ын даргын урилгаар ажиллаж байсан ЦГ-аа хүрэлцэн ирсэн юм байна. Тэрээр хэлэхдээ “ Үе үеийн дарга нарын уулзалт өдөрлөгт оролцож байгаадаа үнэхээр их баяртай байна. Тухайн үед надтай цуг ажиллаж байсан хуучин цэргүүдтэйгээ уулзах бүр ч сайхан байна. Ингээд ард иргэдээ амар тайван байдлын төлөө нойр хоолоо хасан байж хүчин зүтгэж ирсэн, одоо зүтгэж байгаа ЦГ-ын нийт бие бүрэлдэхүүн, хамт олондоо ажлын өндөр их амжилтыг хүсье...” гэв.

Энэ оныг аймгийн Цагдаагийн газраас Гэмт хэргэс урьдчилан сэргийлэх жил болгон зарласан. Үүний хүрээнд орон нутгийн хэмжээнд гэмт хэргээс урьчилан сэргийлэх үр нөлөөг дээшлүүлэх, ард иргэдтэйгээ хамтран гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьчилан сэргийлэхийн тулд олон нийтийн дэмжлэг туслалцааг авах чиглэл дээр анхааран ажиллаж байгааг энэ үеэр онцлов.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ