Өмнөд Солонгос АНУ-тай байгуулсан чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээртээ өөрчлөлт оруулахад бэлэн байгаагаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-10-05 08:04:36
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-тай байгуулсан чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээртээ өөрчлөлт оруулахад Өмнөд Солонгосын эрх баригчид бэлэн байгаа тухай БНСУ-ын худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

ТАСС агентлагийн уламжилснаар, саяхан Вашингтонд уг хэлэлцээрийг өөрчлөх асуудлаархи хоёр улсын зохих албадын төлөөлөгчдийн ээлжит яриа хэлэлцээ болж өнгөрсөн аж. “Чөлөөт худалдааны тухай хэлэлцээрийг илүү харилцан ашигтай болгох зорилгоор түүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг хоёр тал хүлээн зөвшөөрсөн” гэж Өмнөд Солонгосын дээрх мэдэгдэлд өгүүлжээ.
 
Худалдааны асуудлаархи яриа хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж буй Роберт Лайтхайзерын мэдэгдсэнээр, АНУ хэлэлцээрийг хэрэглэх ба өөрчлөн засварлах асуудлуудыг шийдвэрлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байгаа аж.
 
2007 оны долдугаар сард гарын үсэг зурсан БНСУ-АНУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээр нь 2012 оны гуравдугаар сард хүчин төгөлдөр болсон юм. Хоёр улсын худалдааны эргэлтэд орсон хэрэглээний болон аж үйлдвэрийн барааны бараг 95%-ийг гаалийн татвараас аажмаар – гурван жилийн дотор – чөлөөлөхөөр хоёр тал тохиролцсон байна.

АНУ-ын Ерөнхйилөгч Дональд Трамп уг хэлэлцээрийг шүүмжилдэг юм.
Л.Батбаяр
Холбоотой мэдээ