Европын орнууд афган хүмүүсийг эх оронд нь буцааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-10-05 11:54:52
КАБУЛ. /Ассошиэйтед Пресс/.  Афганистан улсад дайны үймээн самуун, хүчирхийлэл намжаагүй байгааг үл харгалзан Европын улсууд олон афган хүмүүсийг эх оронд нь буцааж байна гэж Олон улсын хүний эрхийн "Эмнести Интернейшнл" байгууллага мэдээлжээ.

"Эмнести Интернейшнл" байгууллага нь пүрэв гарагт гаргасан тайландаа "Европын улс орнууд болон Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд маш олон тооны афган хүнийг эх оронд нь буцааж, тэднийг хүлээн авахыг Афганистан улсаас шаардан шахалт үзүүлж байна" гэж мэдэгдсэн байна.

Уг тайланд 2015-аас 2016 оны ЕХ-ны статистик мэдээг иш татсан бөгөөд энэ хугацаанд Европ руу дүрвэсэн афган хүмүүсийн тоо 3290 байснаас бараг 3 дахин буюу 9460 болж нэмэгдсэн байна. НҮБ-ын Афганистанд үзүүлэх тусламжийн байгууллагын мэдээлж байгаагаар, өнгөрсөн онд тус улсад амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн тоо 11 418 хүрсэн байна.
Х.Сарнай 

 


Холбоотой мэдээ