Мөрөн суманд 6782 түр оршин суугч байгааг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-05 13:42:25
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд түр оршин сууж байгаа иргэдийн тоог Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус аймагт хэрэгжиж байгаа "Хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ" төслийн хүрээнд  судалгаа хийж 6782 түр оршин суугч байгааг тогтоожээ.
Төслийн баг Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, багийн засаг дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хөдөөгийн 23 сумын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж, Мөрөн суманд хөдөөгийн сумдаас арван сараас дээш хугацаагаар түр оршин сууж байгаа 6782 иргэний үндсэн харъяа сум болон Мөрөн суманд түр оршин сууж байгаа хаягаар баталгаажуулсан дэлгэрэнгүй, тодорхой судалгааг гаргажээ. Түр оршин суугчид нь ямар нэгэн багт харъяалахгүйн улмаас  эрүүл мэндийн үйлчилгээ болон төрийн үйлчилгээ авч чаддаггүй гэнэ.
Тухайлбал 2016 онд Мөрөн суманд  түр оршин сууж байсан жирэмсэн эх харъяалалгүйн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй эндсэн тохиолдол гарсан гэнэ. Иймээс түр оршин суугчдын асуудлыг төслийн баг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж  орон нутагтаа хэрхэн шийдвэрлүүлэх боломж байгааг хэлэлцүүлэхээр болжээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ