М.Бадамсүрэн: Байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллага тодорхойлно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-05 15:43:00
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар “Петрочайна Дачин тамсаг” компанийн 21-р талбайн тээвэрлэлтийг түр зогсоогоод байсан билээ.Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн, “Петро Чайна дачин тамсаг” ХХК-ийн Ерөнхийлөгч Зян Вэйдүн нар хамтран ажиллах санамж бичигт үзэглэж, тус компанийн тээвэрлэлт хэвийн үргэлжлэхээр болсон. Энэ талаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. 

“Петрочайна Дачин тамсаг” компани шаардлагыг хүлээн авахаар болж “Санамж бичиг”-т үзэглэж, тээвэрлэлт нь хэвийн үргэлжлэхээр боллоо. Санамж бичигт тусгагдсан чухал ажлуудаас танилцуулвал?

-  Дорнод аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны олборлолт хийж буй дээрх компанитай орон нутаг өндөр түвшинд хамтарч ажиллах ёстой гэж олон жил ярьсан. Өнгөрсөн жилүүдэд манай аймгийн зүгээс “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой санал хүсэлт, шаардлагыг холбогдох яаманд удаа дараалан хүргүүлж байсан ч тодорхой шийдвэргүйгээр явж ирсэн. Яг одооноос бид Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заагдсан бүрэн эрхийнхээ дагуу тодорхой арга хэмжээг авч эхэлж байна. Цаашдаа иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу дорвитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдье. Бидний үзэглэсэн гурван талт санамж бичигт: “Петро Чайна дачин тамсаг” ХХК энэ ондоо багтаан Тамсаг 21 дүгээр талбайгаас газрын тос тээвэрлэх хатуу хучилттай автозамын Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг хийж дуусган, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, 2018 онд багтааж ашиглалтад оруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, аймгийн эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, орон нутагт төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах үүргийг хүлээсэн. Мөн газрын тосны олборлолтын Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайн үйл ажиллагаанд шаардлагатай ажлын байр, туслан гүйцэтгэх ажлуудад, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг давуу эрхтэйгээр хамруулж ажиллах талаар харилцан тохиролцсон.

-  Газрын тосны 21-р талбайн 68 км замын тухайд 2015 онд баригдаж эхлэх ёстой байсан ч эхлээгүй, хоёр жилийн турш шороон замаар хууль бус тээвэр хийсээр ирсэн. Тэгвэл энэ санамж бичиг хэр бодитой байх бол?

- Санамж бичиг байгуулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах гэдэг том асуудал. Мэдээж саад бэрхшээл, асуудал тулгарах л байх. Үүний хэрэгжилтэд аймгийн зүгээс онцгой анхаарна гэдгээ хариуцлагатайгаар хэлж байна. Гурван талт Санамж бичгээр хүлээсэн үүрэг даалгаврын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, мэдээлэл солилцон, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг Халхгол сумын Засаг дарга, Матад сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төвд тус тус даалгасан. Харин тэднийг удирдлага, чиглэл, арга зүйгээр хангах ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон.

- "Петрочайна Дачин тамсаг” компанид ажилласан ажлын хэсгийн дүгнэлтэд хууль зөрчсөн олон үйлдэл нотлогдсон байсан. Үүнд ямар арга хэмжээ авах вэ, санамж бичгийн сүүдэрт мартагдах вий гэсэн айдас байгаад байна?

-  МХЕГ-аас манай аймагт томоохон ажлын хэсэг ажиллаж байгаа. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн томоохон таван байгууллагад ажиллах юм. Урьдчилсан байдлаар бидэнд өгсөн мэдээллээр, хууль зөрчсөн олон арван тохиолдол байгааг хэлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага энэ зөрчлүүд дээр үндэслэн албан шаардлага хүргүүлнэ. Харин тухайн байгууллага шаардлагыг засч залруулан, тайлангаа тавьж, зөрчлийг арилгах үүрэгтэй. Зөрчлөө арилгаагүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах, цаашлаад үйл ажиллагааг нь түр зогсоох, бүрэн зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах зэрэг арга хэмжээнүүд бий. Өмнө жилүүдэд МХГ тус компанийг олон удаа шалгаж, шаардлага хүргүүлж байсан. Харамсалтай нь, үйл ажиллагааг нь шахаж шаардах тал дээр дутмаг байсан гэж харагддаг. Сая бид, үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргаж, улмаар хамтран ажиллах гэрээ байгуулж чадлаа.

Энэ Санамж бичгээр Халхгол, Матад суманд ойрын хугацаанд хөрөнгө оруулалт хийх тухай тусгагдсан уу?

-  Бид энэ компанитай “Орон нутгийн хөгжлийг дэмжих гэрээ”-г ирэх 11 сард байгуулна. Халхгол суманд инженерийн шугам сүлжээ байгуулах, спорт зал барих, Матад суманд соёлын төв барих зэрэг саналыг тавьж байсан ч төдийлөн ажил хэрэг болоогүй. Саяын байгуулсан санамж бичгийн хүрээнд энэ сарын 8, 9-ны өдрүүдэд 19-р талбай орших Матад сум, 21-р талбай орших Халхгол сумын иргэдийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, хоёр талбайн үйл ажиллагаа, тайлан тооцоотой танилцах юм. Энэ уулзалтад ЗДТГ, аймгийн ИТХ, сумдын ИТХ, багын Засаг дарга нар оролцож, тус компанийн удирдлагуудтай уулзна. Уулзалтаар ард иргэд, тухайн сумын удирдлагууд тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, үүн дээр тулгуурлан тодорхой ажлууд хийгдэх юм. “Петрочайна Дачин тамсаг” компанийн удирдлага орон нутгийн уулзсан тохиолдол арван хоёр жилийн түүхэнд байхгүй. Энэ удаагийн уулзалт анхных нь болно.

-  Байгаль орчинд хэр хохирол учирсан талаар нарийвчилсан судалгаа шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ гэж  Петрочайнад томилогдсон ажлын хэсэг дурдаж байсан. Энэ ажил хэзээ эхлэх вэ?

-  Нэн даруй эхэлнэ. Тус компанийн хууль бус тээвэрлэлт, олон салаа зам гаргасан байдал зэргээс байгаль орчинд хохирол учирсан нь үнэн. Харин нутгийн ард иргэд, ан амьтад эрүүл мэндээрээ хэрхэн хохирч байгааг харуулсан, экологи эдийн засгийн нарийвчилсан судалгаа, шинжилгээ байхгүй. Үүнийг мэргэжлийн байгууллага тодорхойлох учиртай. Бид судалгаа хийлгэх хүсэлтээ БОАЖЯ-руу хүргүүлж, тэндээс мэргэжлийн байгууллага томилогдон ажиллана.  

-  Хэлэлцээрээр орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар тодорхой ярьсан болов уу?

-  Санамж бичигт бүх асуудлыг нэг бүрчлэн тусгана гэдэг боломжгүй, тийм учраас бид томоохон тулгамдсан асуудлуудаа онцолж 9 заалт тусгасан байгаа. Үүний хүрээнд хийгдэх бусад ажлуудыг нарийн төлөвлөнө. Ирэх сард болох уулзалтаар энэ бүхэн тодорхой болно.  

-  Энэ компанид Дорнод аймгаас хэдэн туслан гүйцэтгэгч байдаг юм бол, энэ талын мэдээлэл бий юу?

-  Энэ компанийн тухай мэдээлэл бидэнд хаалттай байсаар ирсэн. Тэд сонгон шалгаруулалт, ажлын байраа нээлттэй зарладаггүй байсан. Нэг талбайд туслан гүйцэтгэгч 30- аад компани байхад үүний 4 – 5 нь л орон нутгийнх байдаг гэсэн албан бус мэдээлэл бий. Санамж бичигт, бүх зүйлийг нээлттэй болгох тухай заалт орууллаа.  
Д.Дэлгэрмаа
 
Холбоотой мэдээ