Г. Ганболд:Манай сургууль 80 хүүхдийн дотуур байртай ч бүрэн ашиглаж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-05 15:59:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын багш нарын баярын 51 дэх өдрийн хүрээнд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Магсархурцын Дугаржавын нэрэмжит Бүрэн дунд сургуулийн захирал Г.Ганболдтой ярилцлаа. Түүний хувьд ажлаа аваад удаагүй хэдий ч сургуулийн өмнө тулгараад байсан хамгийн том бэрхшээл болох сантехникийн засварын ажлыг шийдвэрлүүлж чаджээ. Ингэснээр тус сургуулийн багш сурагчид ая тухтай, дулаан орчинд ажиллаж, сурах боломжтой болсон байна.

Сайн байна уу? Танд юуны өмнө Монголын багш нарын баярын мэнд хүргэе.
- Баярлалаа. Монголын багш нарын баярын 51 дэх өдрийн халуун мэндийг боловсролын салбарын үе үеийн ажилтнууд болон Сүхбаатар аймгийнхаа нийт  багш ажилчиддаа дэвшүүлье.
Мөнххаан сумын БДС-ын хувьд 2017-2018 оны хичээлийн жилд хичнээн сурагч, багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд та бүхэн ямар зорилго, зорилтыг дэвшүүлэв?
- Манай сургууль нийт 900 сурагч, 82 багш ажилчидтайгаар 2017-2018 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээг үзүүлэхээр гар сэтгэл нэгдэн ажиллаж байна.  Энэ жилийн хувьд БСШУСЯ болон аймгийн БСУГ-аас дэвшүүлсэн ерөнхий зорилгод уялдуулаад дээрээс нь бид хамт олноороо хэлэлцүүлээд энэ хичээлийн жилийн хувьд нийтээрээ ажил сурлагадаа шамдъя, нийгэмд сайхнаар үлгэрлэе гэсэн зорилго дэвшүүлж, зорилтуудаа батлаад эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Мөн бид бага суурь боловсролдоо болон хүүхдийн төлөвшилд голлон анхаарах болно. Бас бидний нэг зорилго бол соёлын биет бус өвийг сэргээх, хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх зорилгоор хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн байгаа. “Сурагч багш” гэдэг хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлнэ. Хөтөлбөр гэхээр заавал яам, газраас хэрэгжүүлэх албагүй шүү дээ. Яагаад сургууль өөрөө хөтөлбөр боловсруулж болохгүй гэж. Тиймээс бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.
Та сая биет бус өвийн талаар ажил хийнэ гэлээ шүү дээ. Энэ их онцлог сонсогдлоо л доо. Жишээлбэл та бүхэн ямар ажил хийхээр төлөвлөсөн юм бэ?
- Тийм. Бид эхний ээлжинд биет бус өвийн наадам хийхээр төлөвлөсөн. Сургуулийн урлагийн наадмын хэмжээнд, гэхдээ дандаа биет бус өвтэй холбогдуулж хийх болно. Манай Мөнххаан сум бол соёлын биет бус олон өв, өвлөн уламжлагчтай. Монгол Улсад ганцхан байдаг шангарцаг гэдэг хөлөгт тоглоом манай суманд байх жишээний.  Энэ бол оюуны спорт гэж хэлж болно. Үүнийг бид сэргээх, хүүхэд багачууд, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх тал дээр анхаарлаа хандуулан ажиллана гэсэн бодолтой байгаа. Шангарцаг тоглоомыг мэддэг, хөлөг нь байдаг хэдхэн өндөр настан манай суманд байдаг. Эдгээр өндөр настнуудаас бид энэ соёлыг авч үлдэх ёстой.
Таны хувьд ажлаа аваад удаагүй байгаа. Энэ хугацаанд ямар ажил хийв, танай сургуулийн хувьд хүүхдүүд сурч хүмүүжих, багш ажилчид нь ажиллах орчин нөхцөл хэр бүрдсэн байдаг юм бэ. Энэ жил засвар үйлчилгээ хийв үү?
- Манайх хичээлийн хоёр байртай. Ахлах сургуулийн хувьд 1990 онд ашиглалтад орсон барилга байдаг. Үүнээс хойш нэг удаа дээвэр солигдсон, урсгал засварууд хийсэн. Яг их засвар гэх зүйл хийгдээгүй. Ялангуяа манай сургуулийн хувьд сантехник эвдрэл гарч, маш муудсан, үүнийг засаж солиулах гэж арав гаруй удаа холбогдох газруудад хандсан боловч амжилт олоогүй юм байна лээ. Би өөрөө ажлаа өнгөрсөн 01 дүгээр сард авсан. Үүнээсээ хойш сангийн асуудлаа шийдүүлэхийн тулд анхаарч ирлээ. Улмаар өнгөрсөн хавар БСШУС-ын сайд асан Ж.Батсуурь манай суманд өөрийн биеэр ажиллаж нөхцөл байдалтай танилцсан. Үнэхээр болохгүй болсон байна гэдгийг ч ойлгосон. Ингээд аймаг орон нутаг, БСУГ, манай хамт олны хамтын чармайлтын үр дүнд бид улсын төсвөөс 80 сая төгрөгийг сантехникийн их засвар дээр тавиулж чадсан. Засварын ажил 07 сар гаргаж эхлээд шинэ хичээлийн жилээс өмнө дуусгаж, улсын комисс хүлээж аваад байна. Ингээд энэ өвлийн хувьд ахлах сургууль ямар нэгэн асуудалгүйгээр ажиллах боломжтой болсон. Багш сурагчид маань ч дулаан тав тухтай орчинд сурч, ажиллах болсондоо баяртай байгаа.
Бага сургууль бол уг нь шинэ барилга. 2013 онд ашиглалтад орсон гэдэг боловч  чанарын хувьд тааруухан баригдсан учир цантаж мөөгөнцөртөх, гаднаасаа дулаан алдах асуудал гарч байгаа. Ер нь бол хүнд нөхцөлд байгаа гэж хэлж болно. Энэ жил бүлэг нээгдэж байгаа учир шинээр анги танхим гаргах зайлшгүй шаардлагатай болж, бага сургууль дээрээ хоёр анги нээсэн. Хамгийн гол нь барилга нь муу учир урсгал засвар хийгээд ямар ч үр дүнгүй байгаа. Тиймээс ирэх жилээс гадна талаас нь давхар өрлөг дулаалга хийхээс өөр аргагүй байдалтай байгаа
-  Сургуулийн боловсон хүчин бүрэн хангагдаж чадсан уу? Нийт багш нарын хичнээн хувь нь залуу багш вэ?
-  82 багшийн 47 нь яг мэргэжлийн багш нар байдаг. Үүний 60 хувь нь залуу багш нар гэж хэлж болно. Энэ жил гэхэд шинээр дөрвөн залуу багш авсан байгаа. Ер нь залуу багш нарын хувьд сум орон нутагт ажиллах сонирхолтой байгаа ч амьдрах байр орон сууцны асуудал хүндрэлтэй байдаг. Манай сургууль дэргэдээ  80 хүүхдийн дотуур байртай ч түүнийгээ бүрэн ашиглаж чадахгүй байна. Цаашид энэхүү байраа засаж янзлаад залуу багш нараа суулгадаг болох гээд бодож санаж байгаа зүйлүүд их байна.
-  Монголын багш нарын баярын 51 дэх өдөр тохиож байна. Танай хамт олон баяраа хэрхэн угтав.
- Баяр угтсан ажлууд бол анги, сургууль, сумын хүрээнд зохион байгуулагдсан. Сургуулийн захиргааны зүгээс багш ажилчдынхаа дунд хамт олон ч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор цэнгээнт болон спортын тэмцээн уралдаануудыг зохиолоо. Манай хамт олны тухайд хүйтрэхээс өмнө сантехникийн асуудлаа шийдэх л хамгийн чухал байсан учир энэ аслын ард гарсан маань бид бзхний баяраа угтаж хийсэн томоохон ажил гэж бодож байгаа. Мэдээж баярынхаа өдөр хамт олноо яам агентлаг, аймаг орон нутаг, байгууллагын шагналаар шагнаж урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ хийнэ.
-  Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье?
-  Баярлалаа
Т. Одончимэг
 
 
 
Холбоотой мэдээ