Намрын чуулган нээж, Шинэ Ерөнхий сайдыг томилсон долоо хоног

ТОЙМ
gantuya@montsame.mn
2017-10-08 13:24:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч буй долоо хоногт Монголын улс төрд хэд хэдэн чухал үйл явдал өрнөж, Төрийн ордон хөл хөдөлгөөнтэй өнжлөө. Тодруулбал, УИХ-ын 2017 оны Намрын ээлжит чуулган даваа гарагт нээлтээ хийж, лхагва гарагт Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилсон. Улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Ширүүхэн үг, захиастайгаар Намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 2-ны даваа гарагт 67.1 хувийн ирцтэй нээлтээ хийсэн юм. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга М.Энхболд нарын хэлсэн үг УИХ-ын гишүүд болон шинэ Засгийн газарт хандсан хурцхан захиасаар дүүрэн байв.

УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгийнхээ эхэнд УИХ-ын гишүүдэд хандан өмнө нь ажилласнаасаа илүү зүтгэл, санаачилгатай ажиллахыг шаардаад, идэвх чармайлтаа гарцаагүй тулгамдсан, улс орны өнөө хийгээд ирээдүйн амин чухал эрх ашгийг хөндсөн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлэх, парламентын бүрэн эрхийн үлдэж буй хугацааг улстөржилтөөс үүдэлтэй элдэв дайвар асуудал тойрон бужигнаж өнгөрөөхгүй байхыг анхааруулсан.

Мөн эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг онцлоод, Төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, төсвийн гүйцэтгэл, тавих хяналтыг сайжруулж, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлсэн, ОУВС-гийн ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатанд үнэлгээ хийгээд, тавьсан зорилтууд бүрэн биелж байна гэж үзсэн, давж биелсэн орлогын тал орчим хувиар хуримтлал үүсгэж буй нь зээллэгийн хэмжээг бууруулан, өрийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдүүлж байна гэж тэд дүгнэсэн. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Үүнийг үндэслэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн. Эдгээр нь гадаад, дотоод орчноос Монголын эдийн засаг, санхүүгийн байдалд өгч байгаа бодит үнэлгээ, дүгнэлт юм гэдгийг онцолж байлаа.

Тэрбээр шинэ Засгийн газарт хандаж хэлсэн үгэндээ “Зарим нааштай өөрчлөлт гарч байгаа ч шинэ Засгийн газрын өмнө хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, сорилт шалгуур чамгүй бий. Өрийн хэмжээ нимгэрэх болоогүй, тийм боломж хараахан бүрдээгүй байгаа. 2017 оны наймдугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад, дотоод өр, зээллэгийн өнөөгийн үнэ цэнээр тооцсон үлдэгдэл 19.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8 хувьтай тэнцэж байна. Он гараад “Чингис”, “Дим Сам” бондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхлэх ёстой. Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын төдийгүй Монгол Улсын өмнө тавигдаж байгаа томоохон сорилт” гэдгийг дурдав. 



Намрын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олны анхаарлын төвд байгаа. Юуг, яаж өөрчлөх вэ гэдгийг сайтар судалж, эрдэмтэн мэргэд, улс төрийн намууд, олон нийтийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлан, зөвхөн “зайлшгүй”-г хөндөх замаар шийдвэрлэвэл зохино. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг сайжруулж, тогтвортой, хариуцлагатай засаглал тогтоох, парламентын засаглалыг бэхжүүлж, улс төрийн намуудад шинэ соёл, төлөвшил бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагад нийцсэн, нийгмийн бүх талуудын санаа бодол, байр суурь нэгдсэн асуудлаар л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжинэ гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд мөн онцолсон.

Чуулганы нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үг олны анхаарлыг мөн татсан юм. Тэрбээр энэ удаагийн УИХ-ын Намрын ээлжит чуулган нийгэм эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, урьд хожид байгаагүйгээр ажил хэрэгч байх, зөв шуурхай шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргах  нь чухал болохыг онцлоод Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах шаардлагатайг сануулсан. Мөн Ерөнхийлөгчийн хувьд шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байгаагаа чуулганы индэр дээрээс мэдэгдэж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрах шаардлага байгаа нь зүй боловч үндэсний онцлог, эрх ашгийг тусгасан заалт оруулж чадаж байгаа эсэхийг бодолцох хэрэгтэйг ч хэлэв. Түүнчлэн “Алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох, шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоох алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монголбанканд тушааж байх хатуу болзлыг тулгах хэрэгтэй. “Байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй явсан алдаагаа УИХ, Засгийн газар яаралтай залруулж, баялгийнхаа менежментийг иргэддээ ээлтэй болгон өөрчлөх замаар ард иргэдээ өрийн дарамтаас ангижруулах ёстой. Байгалийн баялгийн ногдол ашгаар өртэй нь өрөө дарж, өргүй нь нэмэлт орлого болгох ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд яам, тамгын газрууд онцгойлон анхаарах шаардлагатай” зэрэг хэд хэдэн захиасыг Ерөнхийлөгч УИХ, шинэ Засгийн газарт өгч байв.

Үүгээр УИХ-ын 2017 оны Намрын ээлжит чуулган нээлтээ хийж, улс төрийн амьдралд хөл хөдөлгөөн эрчимжлээ.


 
АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг багаар нь дэмжинэ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаандаа Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг оролцуулж, бүрдүүлэх Засгийн газрынх нь бодлого, танхим, баримтлах зарчмынх нь талаар зөвшилцсөн юм. Улмаар зөвшилцлийн дараа АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг багийнх нь хамт дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь олон хүний сонирхол татсан, мөн шүүмжлэл дагуулсан мэдэгдэл байв. Учир нь шинэ Засгийн газрын танхим бүрдээгүй, сайд нарын нэр ч тодроогүй байхад хэн байсан ч дэмжинэ гэсэн агуулга хэлсэн нь шүүмжлэлд өртсөн юм.

Гэхдээ тус бүлгийн зүгээс тавьж буй санал нь нийгэм эдийн засгийн асуудал, хөгжлийн бодлого болон хуулийн байгууллагын шударга ёс, Засгийн газрын бүтцийн талаар баримтлах зарчим гэсэн гурван асуудлыг хамарч байгаа аж. Тухайлбал Засгийн газрын чиг үүргийн яамдыг “давхар дээлтэй” сайд томилох, дэд сайдгүй танхим бүрдүүлэх, Засгийн газрын бүтцийг шинэчилж, Аж үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Соёл, спортын яамыг байгуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. Харин Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ уг саналыг хүлээн авах эсэх нь тухайн үедээ шийдэгдэнэ.


 
“Мэргэжлийн” Засгийн газар сүүлийн хуралдаанаа хийв

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газар танхимынхаа сүүлийн хуралдааныг мягмар гарагт хийлээ.
Хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг ирэх онд бүрдүүлэх нэр бүхий 21 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг хэлэлцэн баталсан. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн энэ онд хэрэгжүүлэх ажлын биелэлтийг дүгнэв. Эхний хагас жилийн байдлаар үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 41.5 хувьтай гарчээ. Тодруулбал Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 48.9, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 35.4, Нийгмийн бодлого 44, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 39.6, Засаглалын бодлого 41.9 хувьтай байгаа аж. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ч  хэрэгжилт удааширсан, хөрөнгө санхүү төдийлөн шаардахгүй 130 зорилт, арга хэмжээг эрчимжүүлж ондоо багтаан бүрэн биелүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгав. Мөн “Ногоон хөгжлийн сан” байгуулснаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сүүлийн хуралдаан өндөрлөсөн юм.



У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шинэ Ерөнхий сайдыг томиллоо.

Шинээр томилогдож буй Ерөнхий сайдыг УИХ дахь МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар мөн 100 хувь дэмжсэн юм. УИХ-ын гишүүд шинэ Ерөнхий сайдад хандан олон санал хэлж, асуулт асуусан. У.Хүрэлсүх олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх замаар зээлийн эргэн төлөлтүүдийг хийх, багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж байхгүй, Дубайн гэрээний асуудлыг шалгаж үзэх, Тавантолгойг хөдөлгөх, Эрдэнэтийн асуудлыг хуулийн дагуу шийдэх зорилго тавьж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр мөн Засгийн газрын гишүүдийг парламентаас бүрдүүлэх бодолтой байгаагаа хэлсэн нь таамаглаагүй мэдээлэл болсон. 

Ингээд Ерөнхий сайдаар томилогдсоны дараа У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс үг хэлсэн. Тэрбээр  Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон УИХ, нэр дэвшүүлсэн МАН-ын хамт олонд талархал илэрхийлээд итгэлийг зүтгэлээр хариулан, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгаа хямралаас гаргаж сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига  хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутайд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байхаа мэдэгдсэн юм. Мөн зорьсондоо хүрч, хэлснээ хэрэгжүүлдэг, худлаа амлаж хуурдаггүй, ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхаа илэрхийлж байв.

Тэрбээр цааш нь "Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал  алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа. Энэ бүхнийг бид одоо тас цохин цэгцлэх ёстой.
Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ. Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ. Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно. Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.

Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуульд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна. Монгол Улс мандан бадарч, Монгол төр мөнхөд оршиг
" гэсэн юм.

Түүний хэлсэн үг хурц бас шийдэмгий байсан гэж дүгнэх хүн байгаа бол “амь насаа алдахаас ч айхгүй” гэсэнд нь бухимдан, ямар шалтгаанаар энэ үгийг хэлсэнд гайхшрах хүн УИХ-ын гишүүдийн дунд ч цөөнгүй байлаа. Харин зарим нь хэлсэн үг шигээ Засгийн газрыг удирдан авч явж чадвал чамгүй амжилтад хүрнэ гэж итгэж байгаагаа илэрхийлж байв.

Ингээд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх чуулганы хуралдааны дараа Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бараалхан, 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас тамгаа гардаж авснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.


Олонхын бүлэг дотроо хагаралтай байгааг зарим гишүүд нь батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх үеэр  нэгэн хачирхалтай зүйл болсон нь УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 32 гишүүн хуралдаанд оролцоогүй явдал байв. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн эсэргүүцлээ илэрхийлэн хуралдаанд оролцохоос татгалзаад байсан юм. Дээрх нэр бүхий 32 гишүүн нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зураагүй буюу дэмжээгүй гишүүд гэдгээрээ онцлогтой. Өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаж байсан гишүүд болон Ерөнхий сайдад нэр дэвшихээр У.Хүрэлсүхтэй өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тэргүүтэй дээрх 32 гишүүн хуралдаанд оролцоогүй шалтгаанаа “Ерөнхий сайдаас намын эв нэгдлийг хэрхэн хангах, сонгуульд оролцсон Мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэрэг асуудлуудад зарчмын ямар бодлого, байр суурь барих талаар асууж, ойлголцох хүсэлтэй байсан ч тийм боломж бүрдүүлээгүй. Тиймээс чуулганы хуралдаанд оролцоогүй” гэж тайлбарласан юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Өмнөх Засгийн газрыг 30 орчим хүн АН-ын дэмжлэгийг аваад огцруулсан. Одоо арай ингэхгүй байх гэж бодтол зөвшилцөх ямар нэгэн алхам хийхгүйгээр санал хурааж Ерөнхий сайдыг томиллоо. Үүн дээр л гол маргаан, эгдүүцэл байгаа юм. Ерөнхий сайдын хэлж буй үгийг харахад цаашид эв нэгдлийг хангаж чадахгүй, илүү хурц зүйлийг хүсч байна гэж бодож байна. Намын эв нэгдэл, ойлголцол одоо Ерөнхий сайдаас хамаарна. Худлаа хэлээд яахав. МАН-ын бүлэгт талцал байна. Үүнийг л Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангах ёстой. Бүлгийн 32, 33 гишүүн хуралдаад байхгүй хамтраад, 65-уулаа хуралддаг байя л гэж бид хэлж байгаа" гэж байв.

Харин ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "МАН-ын бүлгийн 65 гишүүний байр суурь хоёр хуваагдчихсан, 30 гаруй нь хуралдаанд оролцсонгүй. Ерөнхий сайдад нэр дэвшигч АН-ын бүлэгтэй эхэлж уулзаад, зарчим байр сууриа танилцуулаад, ойлголцолд хүрсэн мөртлөө өөрийн намын бүлэгтээ танилцуулсангүйг гайхаж байна. Цаашдаа улс төрийн өрнөл хэрхэн өрнөх, 65-ын бүлгийн эв нэгдлийг хэрхэн хангах нь Ерөнхий сайдаас өөрөөс нь шууд хамаарна” гэж байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-д сөрөг хүчин, цөөнх гэж байхгүй болсныг Ерөнхий сайдыг томилсон чуулганаас харлаа хэмээн онцолсон юм. Учир нь чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын бүлгийн тал орчим нь буюу 33 гишүүн оролцсон нь Ерөнхий сайдыг томилоход хангалтгүй буюу 50-аас дээш хувийн санал өгөхөд хүрэлцэхгүй байсан юм. Харин АН-ын бүлгийн 9 гишүүн У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлж байсанчлан дэмжсэн санал өгснөөр Ерөнхий сайд томилогдсон. Мөн УИХ дахь МАХН-ын ганц гишүүн О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар У.Хүрэлсүхийг дэмжихээ мэдэгдсэнээр ийнхүү 100 хувийн саналаар томилогдсон юм.  Харин үүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ сөрөг хүчингүй боллоо хэмээн дүгнэж байгаагаа илэрхийлсэн.



Ерөнхий сайд ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийхээ дараах анхны уулзалтаа ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакертай хийсэн нь анхаарлын төвд байлаа. Уулзалтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ илэрхийлж, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардед хаягласан албан захидлыг гардуулан өгсөн юм. Тэрбээр шинэ Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн дүнгийн дагуу МАН дангаараа байгуулна, өмнөх Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн бүрэлдэхүүнийг өөрчилнө гэдгийг суурийн төлөөлөгчид хэлээд, ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнд эдийн засгийн өнөөдрийн орчин 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулж байх үеийнхээс илүү сайжирсан, эдийн засаг өсөлттэй, инфляци нэг оронтой тоонд байгааг онцолсон. Суурин төлөөлөгч Нейл Сакер, Ерөнхий сайдаар томилогдсонд нь У.Хүрэлсүхэд баяр хүргээд, ОУВС-гийн хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулаад зогсохгүй, бодитой өсөлт бий болгох боломжтой гэснэээр уулзалт өндөрлөсөн.



Төсвийн орлогоос давсан 500 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулах вэ?

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийж дуусгав. Улсын төсвийн  тэнцвэржүүлсэн орлого энэ онд анх удаа 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелээд байгаа учир төсөвт тодотгол оруулан шаардлагатай салбарт нь хуваарилах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс төсвийн тодотголыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан нь ийн хэлэлцүүлэгт ороод байна.
Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулах, Хүүхдийн мөнгийг он дуустал олгох, орон нутаг, улсын нөөцөд өвс, тэжээл бэлтгэх зэрэгт зарцуулахаар төлөвлөөд буй.

Баасан гарагийн хуралдаанаар ийнхүү 2017 оны Төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг дуусгаж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, УИХ-дахь намын бүлгүүдэд шилжүүлсэн. Харин 2018 оны Төсвийн тухайд, Засгийн газраас хуулийн хугацаанд буюу 10 дугаар сарын 1-нээс өмнө УИХ-д өргөн барьсан ч 10 дугаар сарын 4-нд буцаан татаад байгаа билээ.



Ёс зүйн хороо УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлаар хуралдав

УИХ-ын Ёс зүйн дэд хороо даваа гарагийн үдээс хойш ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгад хамаарах гомдлыг авч хэлэлцсэн нь Төрийн ордонд өрнөсөн бас нэгэн анхаарал татам үйл явдал байв. “Хүчиндэх” гэмт хэрэгт нэр нь холбогдоод байгаа Д.Гантулга гишүүн долдугаар сарын 6-нд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ ямар нэг гэмт хэрэг өдүүлээгүй гэдгээ өөрийн биеэр мэдэгдэж байсан. Гэвч хэсэг хуульчид түүнийг хувийн асуудлаараа Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь ёс зүйн алдаа болсон хэмээн үзэж, УИХ-ын Ёс зүйн хороонд гомдол гаргасан аж. Гомдлын дагуу Ёс зүйн  хороо хуралдаад Д.Гантулга гишүүнээс өөрөөс нь тайлбар авах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Энэ дагуу уг дэд хороо дахин хуралдаж гишүүний тайлбарыг сонссоны дараа Төрийн байгуулалтын байнгын хороонд дүгнэлтээ хүргүүлэх болсон юм.


НИТХ-ын шинэ даргыг тодруулж чадсангүй

Өнгөрөгч долоо хоногт хүлээлт үүсгээд байсан нэг асуудал нь НИТХ-ын шинэ даргыг тодруулах байсан. Гэвч НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаас НИТХ дахь МАН-ын бүлэг дахин тав хоногийн завсарлага авснаар даргаа тодруулж чадалгүй ирэх долоо хоногийг хүртэл хойшилсон юм.  НИТХ өнгөрсөн есдүгээр сарын 22-нд хуралдаж Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний албан тушаалд НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан, С.Амарсайхан нар нэр дэвшсэн. Гэвч санал хураалт явуулахад хоёр нэр дэвшигчийн хэн нь ч илүүрхэж чадалгүй, авсан санал нь тэнцсэн юм.

Өнгөрөгч долоо хоногт Монголын улс төрийн амьдралд өрнөсөн гол үйл явдлууд ийм байлаа. Харин ирэх долоо хоногийн хувьд олны анхаарлыг татаж, хүлээлт үүсгээд байгаа зүйл нь У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн болон НИТХ-ын даргыг тодруулах эсэх асуудал юм. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар олон янзын таамаг, төсөөллийг аль хэдийнэ дэвшүүлж эхлээд байгаа. Зарим мэдээллээр хуралдаанд оролцоогүй 32 гишүүнийг Засгийн газарт орж ажиллахаар “шантааж” хийж байна гэж буй ч дээрх гишүүд өөрсдөө эрс үгүйсгэж байгаа юм. Мөн өмнөх Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн дийлэнх нь “сайд болохгүй” хэмээн мэдэгдэж байсан ч үгнээсээ буцаж байна гэх шүүмж гарсаар. Харин энэ бүх таамаглалыг эцэс болгох шинэ Засгийн газрын танхим хэрхэн бүрдэх нь МАН-ын бүлгийн ойлголцол зөвшилцлөөс шалтгаалан ирэх долоо хоногт тодрох бололтой.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал



 
Холбоотой мэдээ