Умард Солонгос одоогоос яг 11 жилийн өмнөх энэ өдөр анхны цөмийн туршилтаа хийж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-09 13:28:06
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Одоогоос яг 11 жилийн өмнөх энэ өдөр Умард Солонгос анхны цөмийн туршилтаа хийж байжээ. Тус улс өнөөдрийн байдлаар нийтдээ зургаан удаа цөмийн туршилт хийгээд байна.  Пхеньяны цөмийн ба пуужингийн хөтөлбөрийн гол зорилго нь тив алгасах баллистик пуужинд суурилуулах боломжтой цөмийн зэвсэг үйлдвэрлэх юм.

Японы “Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, Умард Солонгос нь 2006 оны 10 дугаар сарын 9-ний энэ өдөр улсынхаа зүүн хойд нутагт орших “Пунгери” цөмийн туршилтын талбайд анхны цөмийн туршилтаа хийж байв. Тус улс өнгөрсөн сард ус төрөгчийн бөмбөг туршсан юм. Энэ нь тус улсын зургаа дахь удаагийн цөмийн туршилт байлаа.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, тус улсын анхны цөмийн туршилт нь 1 килотонн хүрэхгүй хэмжээний тротил / TNT/ хэмээх тэсрэх бодис дэлбэрсэнтэй тэнцэх хэмжээний хүчтэй байсан бол зургаа дахь удаагийн туршилт нь 160 килотонн тротил дэлбэрсэнтэй дүйцэхүйц хүчтэй байжээ. Энэ нь 1945 онд Хирошимад хаясан атомын бөмбөгөөс 10 гаруй дахин хүчтэй гэсэн үг юм.

АНУ-ын эх газарт хүрч цохилт өгөх хүчин чадалтай баллистик пуужин үйлдвэрлэх зорилтынхоо хүрээнд Умард Солонгос энэ оны долдугаар сард хоёр удаа тив алгасах баллистик пуужин харвасан юм. Энэ зорилгодоо бараг хүрсэн гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн сарын 15-нд мэдэгдсэн билээ.

Бямба гарагт болсон Солонгосын хөдөлмөрийн намын /СХН/ өргөтгөсөн хуралдааны үеэр Ким Жөн Ун “Манай улс цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгох болно” гэжээ.

СХН байгуулагдсаны 72 жилийн ой маргааш болох юм. Энэ ойг тохиолдуулан Умард Солонгос ээлжит цөмийн болон пуужингийн туршилтаа хийж болзошгүй гэж холбогдох улс орнууд таамаглаж, сонор сэрэмжээ дээшлүүлээд байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ