Мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэг байгуулсан нь үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-09 15:24:18
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цахир суман дахь Мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэг нь байгуулагдсанаасаа хойш 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хяналтын цэг байгуулагдсанаар хил залгаа аймгуудын малын өвчлөл бүхий сумуудаас төвийн бүс рүү өвчтэй амьд мал, мах, махан бүтээгдэхүүн ороогүй байна. Таван жилийн хугацаанд цөөхөн тоогоор өвчтэй бог мал орж ирснийг тухайн үед нь арга хэмжээ авч устгаж байсан байна. Цаашид ч энэ үүргээ биелүүлж ажиллана гэж байна.  
 
Уг хяналтын цэгт Улсын байцаагч 1, малын их эмч 2, малын бага эмч 4, зам тээвэр зохицуулагч 1, жолооч 1 гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй гурван ээлжээр 24 цагаар жижүүрлэн ажилладаг байна.

Тус Мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэгээр Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан аймгийн 50 сумын автомашин дамжин өнгөрдөг бөгөөд дамжин өнгөрөх авто тээврийн хэрэгсэл, мал, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний тээвэрлэлт, аюулгүй байдал, эрүүл мэнд, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээний бичилт, халдваргүйтгэл хийгдсэн тэмдэглэгээ, малын шилжилт хөдөлгөөн, малын им тамга, гарал үүсэл, орон нутгийн кодтой тулган үзэж, шаардлагатай нөхцөлд халдваргүйжүүлэлт хийгдээгүй мал, тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж байна.

Хяналтын цэгээр энэ оны 7 сараас 10 сар хүртэл хугацаанд мал, мал амьтны гаралтай түүхий эд, ноос, арьс, шир тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд түүхий эд тээвэрлэсэн 969 авто машин, 18,869 амьд мал тээвэрлэлт, 127,4 тн мах, махан бүтээгдэхүүн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний 01Б маягтаар тээвэрлэгдсэн байна.

Хяналтын цэгээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд илэрч буй ихэнх зөрчил нь гарал үүслийн гэрчилгээнд малын эмч, сум, багийн засаг дарга, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн гарын үсэг зурагдаагүй, эсвэл тамга тэмдгээр баталгаажуулаагүй, ачиж яваа мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний тоо зөрүүтэй, машины дугаар тэмдэглээгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрдэг бөгөөд илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргахгүй байх талаар заавар, зөвлөмж өгдөг байна.
 
 
Б.Гэрэлт-Од

 
Холбоотой мэдээ