Б.Хакимов: ШХАБ Монголыг дуртайяа гишүүнээр элсүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-10-09 17:30:21
МОСКВА. /ТАСС/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын  /ШХАБ/ гишүүн улс орнуудын засгийн газрын тэргүүн нарын  зөвлөлийн ээлжит уулзалт ирэх сарын 30-наас 12 дугаар сарын 1-ний хооронд Орост болно гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ыг хариуцсан тусгай төлөөлөгч Бахтиер Хакимов өнөөдөр мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжиллаа.

ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажлыг бид хангаж байна гэж тэрбээр хэлжээ. Энэ уулзалтын үеэр холбогдох улс орнууд хоорондын худалдаа ба эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ШХАБ-ын хүрээнд  хүмүүнлэгийн харилцааг хөхиүлэн дэмжих болон тус байгууллагын 2018 оны төсөв  зэрэг асуудлыг авч хэлэлцэх аж.
 
ШХАБ-д Иран элсэх тухайд
 
Б.Хакимов  хэлэхдээ "ШХАБ-д Иран улс нэгдэх тухай асуудал хэлэлцэх асуудлуудын жагсаалтад багтсан бөгөөд энэ байгууллагыг өргөтгөх нь жам ёсны үйл явц юм. Энэ асуудлыг ШХАБ-ын гишүүн улс орнуудын засгийн газрын тэргүүн нарын  зөвлөлийн ээлжит уулзалтын үеэр авч хэлэлцэнэ. Нээлттэй байдал нь ШХАБ-ын үндсэн зарчмуудын нэг. ШХАБ-ын гишүүнчлэлийг өргөтгөх эхний алхмыг хэдийнээ хийгээд байна. Мэдээж, энэ үйл явц  цаашид ч үргэлжилнэ” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “2005 оноос хойш ШХАБ-д ажиглагчийн статустай байгаа Иран улс нь энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн болох тухай хүсэлтээ 2008 онд гаргаж байсан. Ираныг гишүүнээр элсүүлэхэд саад болж байсан асуудал шийдэгдсэн. Тодруулбал, цөмийн хөтөлбөртэй нь холбоотойгоор Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл цуцалсан учир Тегеран одоо ШХАБ-д элсэх боломж нээлттэй болоод байна” гэсэн байна.

ШХАБ Монголыг дуртайяа гишүүнээр элсүүлнэ

“ШХАБ Монгол Улсыг дуртайяа гишүүнээр элсүүлэх болно. Монгол бол ШХАБ-д элсэх бүрэн боломжтой улсуудын нэг. Тус улс нь 2005 онд ШХАБ-ын ажиглагчийн статусыг авсан анхны орон юм. Улаанбаатар ШХАБ-тай харилцаагаа бэхжүүлэх хүсэл, сонирхолтой байгаа хэдий ч энэ байгууллагад элсэх хүсэлт албан ёсоор гаргаагүй байна” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ыг хариуцсан тусгай төлөөлөгч Б.Хакимов хэлжээ.

Энэтхэг ба Пакистаныг ШХАБ-д нэгтгэх үйл явц үргэлжилж байна

Б.Хакимовын хэлснээр, Энэтхэг болон Пакистаныг ШХАБ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх үйл явц үргэлжилж байгаа бөгөөд зарим нэг техникийн асуудлыг шийдвэрлэх л үлдээд байгаа аж.
 
Энэтхэг ба Пакистаныг ШХАБ-д элсүүлэх асуудал өнгөрсөн зургадугаар сард Казахстаны нийслэл Астана хотод болсон тус байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр үндсэндээ шийдэгдсэн гэж тэрбээр хэлсэн байна.

Орос, Хятад, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан гэсэн зургаан улс ШХАБ-ыг байгуулах тухай тунхаг бичигт 2001 оны зургадугаар сард Шанхай хотод гарын үсэг зурж байсан юм. 2017 оны зургадугаар сарын 9-нд Энэтхэг болон Пакистан улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон билээ.

Афганистан, Беларусь, Иран болон Монгол Улс нь тус байгууллагад ажиглагчийн статустай бол Шри-Ланк, Турк, Азербайжан, Армени, Камбож болон Балба улс нь яриа хэлэлцээний түншүүд юм.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ