"Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё" нэгдсэн аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-10 20:34:08
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд зам тээврийн осол 2017 оны эхний есөн сарын байдлаар нийт 47 бүртгэгдсэнээс 15 буюу 32 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, 6 хүн нас барж, 10 хүн гэмтсэн судалгаа гарчээ.
Иймд аймгийн Засаг дарга санаачилга гарган "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/479 дугаартай захирамжаар "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё" нэгдсэн аяныг Арвайхээр сумын хэмжээнд гурван сарын хугацаатай зохион байгуулахаар боллоо.
Аяны хүрээнд дэвтэр, аяны тугийг байгууллага тус бүрт гурав хоног аялуулах бөгөөд дэвтэрт зохион байгуулсан ажил, арга хэмжээний танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын шинэ санал санаалчилгыг тусгах аж. Аяны туг, дэвтрийг эхний байгууллага болох аймгийн ИТХ-ын ажлын албанд хүлээлгэн өглөө.

Захирамжинд тусгаснаар хуваарьт байгууллагууд нийгэмд эргүүл, шалгалт хийхээс гадна төрийн ажил үйлчилгээг иргэдэд ойр хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн байгууллага өөрийн ажилтан, алба хаагч нар мөн тэдний гэр бүл, ойр дотны найз нөхөд, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, архины хор уршгийн талаар сурталчлан таниулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос урьдчилан сэргийлэх ажлыг хийх юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ