Шилдэг тэмээчинд 10 лангийн мөнгөн буйл гардуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-11 15:51:34

Энэ сарын 27-29-нд  Говь-Алтай аймгийн төв Алтай хотод "Их говийн тэмээний баяр-2015", баруун бүсийн тэмээчдийн зөвлөлгөөн болох юм байна. 

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан жил бүр уламжлал болгон хийж ирсэн Их говийн тэмээний баярыг энэ жил баруун аймгуудыг хамруулан бүсийн хэмжээнд зохион байгуулж, тэмээчдийн зөвлөлгөөнийг хамтатган ХХААЯ-наас зохион байгуулах юм. 

10 дахь жилдээ зохион байгуулж буй эл арга хэмжээ нь тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг шимийг сайжруулахад малчид тэмээчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх, тэмээний соёл, зан үйлийг нийтэд сурталчлахын зэрэгцээ тэмээчдээ харилцан туршлага солилцуулах зорилгоор орон нутагт хийдэг. Их говийн тэмээний баярт Говь-Алтай аймгийн 18 сумаас гадна бусад аймгууд тэмээчид тус бүр  баг болон оролцох юм байна. Их говийн тэмээний баярын хүрээнд хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлж нээлтийн арга хэмжээ, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, үржлийн шилмэл ингэ буур шалгаруулалт, буйл зорох бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явахаас гадна хурдан ат болон торомны уралдаанууд зохион байгуулна. Мөн тэмээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын уралдаанууд зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулах юм. Их говийн тэмээний баяр-2015 наадмын хүрээнд баруун бүсийн тэмээчдийн зөвлөлгөөн, хүндэтгэлийн тоглолт болох аж.

Тоглолтод урилгаар МУГЖ Л.Болдбаатар, СТА Г.Бямбажаргал нарын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Тэмээний баярын хаалтын ажиллагааны үеэр 12 төрлийн уралдаан тэмцээний шагналаас гадна оролцсон сумдыг байр эзлүүлж багийн дүнгээр шагнах бөгөөд шилдэг таван тэмээчнийг шалгаруулна. Түүнчлэн шилдгийн шилдэг нэг тэмээчнийг шалгаруулж 10 лангийн мөнгөн буйлаар шагнах юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ