Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран хүний эрхийн сургалт явуулах сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхлээд байна.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цагдаагийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдэнд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, мэдлэг ойлголт, хариуцлагыг сайжруулах, харилцан хамтран ажиллах зорилгоор 2014 онд дээрх хоёр байгууллага гурван жилийн хугацаатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Энэхүү Санамж бичгийн хүрээнд сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа юм. Сургалтын нээлт ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвд болж ЦЕГ-ын Захиргааны Удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн доктор / Ph.D / профессор П.Оюунчимэг, Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нар оролцлоо.
Ж.Батсайхан