Үлийн цагаан оготнын 24500 сүүл худалдан авчээ

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 23:27:51

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нийт нутгийн 50 хувь нь талхдалтай цөлжих шинжтэй байгаа нь тогтоогджээ.

Ихэнх нь үлийн цагаан оготнод идэгдэж ургамал ногоо ургахаа больсон байна. Чандмань хайрхан, Тахилтын хоолой, Бүрдэн, Тосонгийн орчим, Цахирын ар зэрэг 54 000 га нутаг бэлчээрт үлийн цагаан огтоно их хэмжээгээр тархсанаар сумын Засаг даргын тамгын газраас оготнотой тэмцэх устгах арга хэмжээг жил бүр зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч байгаа юм. Өнгөрсөн жил хөеө ухах ажил хийж 2 тн хөеө малтаж аван ус цутгаснаар нэлээд бэлчээрийн оготныг устгаж чадсан байна.

Өнөө жил малчдын бүлгүүдэд үлийн цагаан огтоно устгах даалгавар өгч устгасан нэг хулганын сүүлийг 200 төгрөгөөр худалдан авч устгадаг болжээ. Одоогоор 24500 үлийн цагаан оготнын сүүл аваад байгаа ажээ. Малчид хонь хариулж явахдаа ундааны савыг нүхнийх нь аманд булж 3-10 орчим оготно барьж устгадаг байна. Үлийн цагаан оготно устгах арга хэмжээнд тус сум 16 сая төгрөг төсөвлөн зарцуулж байгаа ажээ.

                                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ