Нэг хавхны цаана 10 амьтны амь байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-13 14:50:41
Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-3” уралдаант сарын аяныг өнгөрсөн сарын 5-аас энэ сарын 5-ны хооронд Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын дунд зарлан явуулсан байна. Энэ аяны хүрээнд дээрх зургаан аймгийн хийсэн ажлыг дүгнэх уулзалт зөвлөлгөөн, хаалтын арга хэмжээ энэ сарын 12-нд Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулагдлаа.
Хамгийн олон хавх хурааж цуглуулсан дүнгээр 1-р байранд 330 хавх цуглуулсан Баян-Өлгий аймаг, 2-р байранд 229 хавх цуглуулсан Увс аймаг, 3-р байранд 100 хавх цуглуулсан Ховд аймаг шалгарч, тус бүр гурван мотоциклиор шагнуулсан юм. Харин Говь-Алтай аймаг 80 ш, Завхан аймаг 34 ш, Хөвсгөл аймаг 20 ш хавх хураасан дүнтэйгээр аяны хаалтын арга хэмжээнд оролцлоо.
Мөн энэ үеэр Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймагт тус бүр хоёр, нийт 15 мотоциклийг зургаан аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өглөө. Нэг хавхны цаана жилдээ хамгийн багадаа л 10 амьтны амь байдаг гэж бодохоор энэхүү 793 хавх хурааснаар ямар олон амьтны тоо толгой хорогдох аюулаас сэргийлж байгаа нь тодорхой юм. Анх 2015 онд Ховд аймгийн Эко клубын сурагчдын дунд зохион байгуулагдаж, улмаар Ховд аймгийн Жаргалант хайрхан ууланд хавханд орсон ирвэсний дүрс автомат камерт бичигдсэн байснаас үүдэн энэхүү аяныг бүс, улсын хэмжээний аян болгон өргөжүүлжээ.
Зөвлөлгөөнийг нээж Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан үг хэлсэн бол БОАЖЯ, ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын төлөөллүүд, тус зургаан аймгийн БОАЖГ-ынхан мэдээлэл хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд, түүнээс гарах арга зам, аяны хүрээнд хийгдсэн ажлын дэлгэрэнгүй тайлангаа хэлэлцсэн юм. Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ-наас 2015 онд хавхны аян өрнүүлснээс хойш 2016 онд Ховд аймагт 514 зөрчил илрүүлж, 6 сая төгрөгний торгууль тавьж, нийт 438 хавхыг 2 сарын хугацаанд хураасан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ