“Хүрэлтогоот-2017”-ын анагаахын салбарын шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-16 16:25:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, ШУА, Шинжлэх Ухаан Технологийн Сан, АШУҮИС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаан энэ сарын 13-нд Одон орон судлалын Хүрэлтогоот төвд боллоо.

Энэ удаагийн хуралдаанд Монгол, Япон, БНСУ, Австрали, Тайвань зэрэг орны 43 байгууллагын 226 судлаачийн 55 бүтээлээс анхан шатны шүүгчдийн комиссын шалгаруулалтаар 12 бүтээлийг илтгэлээр хэлэлцүүлэв.
Шинээр инноваци болж буй бүтээл туурвисан эрдэмтдийг хуралдааны зочин илтгэгчээр урьж оролцуулдаг уламжлалын дагуу АУ-ны доктор Б.Галиндэв “Лабораторийн амьтан судлалын үндсэн ойлголт, C57BL/6J хулганы хэрэглээ” сэдвээр, АУ-ны доктор Б.Баатарсүрэн, Н.Баялагмаа нар анагаах ухааны шинэхэн ололт бүхий бүтээлээ тус тус танилцуулсан юм.
Эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаанаар тэргүүн байранд Г.Чимэдлхамсүрэнгийн “Олон хүчин зүйлсийн шалтгаант эмгэгийн геномын харьцуулсан судалгаа”, дэд байранд Б.Буянтүшигийн “Орон сууцны дотоод орчны агаарт нарийн ширхэгт тоосонцрын бохирдлыг судалсан дүнгээс”, тусгай байранд Г.Нархажидын “Инсулинд дөжрөлийг цусны сийвэн дэх триглицерид, их нягтралтай липопротеины харьцаагаар тодорхойлсон нь” сэдэвт бүтээл тус тус шалгарлаа.
Тэргүүн болон дэд байранд шалгарсан бүтээлийн эздэд БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грант олгохоор МЗЭХ, БСШУСЯ-нд хүргүүлэв. Тусгай байранд шалгарсан Г.Нархажидад Анагаахын залуу судлаачдын Монголын холбооны нэрэмжит шагналыг олгов.
Мөн тэргүүн байрын эзэнд ирэх сарын 23-25-нд Япон улсын Саппоро хотод болох Монгол-Хоккайдогийн нийгэмлэг болон МЗЭХ-ноос хамтран зохион байгуулах “Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд оролцох эрхийг бичгийг МЗЭХ-ны ерөнхий зохицуулагч В.Баярмаа гардуулсан юм. 

Ж.Болор

 
Холбоотой мэдээ