Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзахгүй гэжээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-10-17 10:07:35
НЬЮ-ЙОРК. /РИА Новости/. Дэлхий нийтээр цөмийн зэвсгийг бүрэн хориглох саналыг БНАСАУ дэмжиж байгаа боловч АНУ цөмийн зэвсэгтэй байсан цагт бид цөмийн зэвсгийн нөөцөө хадгалж үлдэх болно. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай яриа хэлэлцээнд манай улс оролцохгүй гэж БНАСАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Ким Рен Ин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зэвсэг хураах асуудал эрхэлсэн хорооны хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг уламжлав.
 
Энэ оны долдугаар сард баталсан цөмийн зэвсгийг бүрэн хориглох тухай Конвенцийг БНАСАУ дэмжиж байгааг Умард Солонгосын дипломатч илэрхийлэхийн зэрэгцээ АНУ уг баримт бичигт таагүй хандаж байгааг тэмдэглэв. “Цөмийн зэвсгийг бүрэн устгах, дэлхий нийтийг цөмийн зэвсгээс ангижруулахыг БНАСАУ тууштай дэмжиж байна. Гэвч БНАСАУ-ыг цөмийн зэвсгээр зогсоо зайгүй сүрдүүлэн заналхийлж, дарамталж байгаа АНУ цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг үгүйсгэж байгаа нөхцөлд манай улс уг хэлэлцээрт нэгдэн орохгүй”  гэж Ким Ин Рен мэдэгджээ.
 
“БНАСАУ цөмийн зэвсэг болон тив алгасагч баллистик пуужинтай байгаа нь өөрийгөө хамгаалах үндэслэлтэй арга хэмжээ юм. АНУ-ын зүгээс дайсагнасан чиг шугам, цөмийн заналхийлэл бүрэн арилаагүй цагт бид хэзээ ч, ямар ч нөхцөлд манай цөмийн зэвсэг болон тив алгасагч баллистик пуужингийн талаархи яриа хэлэлцээнд оролцохгүй, сонгосон замаасаа өчүүхэн ч ухрахгүй”  гэж Умард Солонгосын дипломатч хэлсэн байна.
Л.Батбаяр
Холбоотой мэдээ