Бүтэн сэтгэлийн дуу ба “Чингисийн хүүхдүүд”

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-10-18 12:45:07

Монголчууд “Бид уул, усны үр сад билээ” хэмээдэг. “Гэсэр”, “Жангар”-ын шарласан хуудасны түүх дүрсжин буусан мэт сэтгэгдлийг зураглал бүртээ шингээсэн “Чингисийн хүүхдүүд”-ээр “Улаанбаатар” кино наадам тун саяхан нээлтээ хийснийг үзэгчид мэднэ. Тус киног МУСТА Д.Золбаяр найруулсан бөгөөд продюсероор Д.Ангараг, Д.Дэлгэрцоо, МУГЖ Ж.Алтанцэцэг нар ажиллажээ.

Тус кино нь Каннын кино наадам болон Азийн дэлхийн кино наадам, Солонгос, Герман, Итали, Австрали, Канад, Орос зэрэг олон улсын нэр хүндтэй томоохон наадмуудад шалгарч оролцосноос гадна “Оскарын гадаад хэл дээрх кино” төрөлд нэр дэвшсэн юм.

Тосгоны дэргэдэх улиасыг магтан дуулсан шүлгүүд Оросын ард түмний сэтгэлийн нандин утсыг хөнддөг. Тэгвэл монголчуудын хувьд бахархах, омогших, сэтгэл хөндүүрлэм мэдрэмжийг дүүрэн баяртай нь чирээд ирдэг зүйлс олон. Үндэстний оршихуйг тодотгон харуулдаг эрийн гурван наадмын нэг болох хурдан морь хийгээд унаач хүүхэд, өв соёл, уламжлалт ахуй, нүүдэлчдийн шугаман сэтгэлгээний цар хүрээг энгийн өгүүлэмж дунд нууцалж, зохиолын хэмнэлийг алдагдуулалгүйгээр нүүдэлчин ахуйг магтан дуулснаараа уг кино онцлог болж чаджээ.

Монголчуудын хувьд өсгөж буй мал нь амьдралынх нь бүхий л хүрээтэй холбогдсон байдаг. Нүүдэлчин түмний нүүдэл он цагийн хэлхээгээр эхэлсэн цэг дээрээ эргэж ирдэг нь уламжлалт ахуйтай шууд холбоотой.

Чухал сонголтыг чухалчилж чадсан уу?

Мэдээж “Чингисийн хүүхдүүд” киноны уран бүтээлчид эх орныхоо соёл, уламжлалт ахуйг ямар сэдвээр хөндөж гаргах, дэлхийд таниулах вэ? гэсэн асуулттай нэн түрүүнд тулгарсан байж таарна. Харин кино бүтээгдэж, олон улсын үзэгчдэд хүрч, мөрөөдөл болсон Холливудын дэлгэцнээ амилж, Оскарт хүртэл нэр дэвших боломжоо авчихжээ. Гэвч энэ бүх шагнал, өндөр зэрэглэлийн кино наадмуудын тухай мартаад зөвхөн киноныхоо тухай яръя л даа.



Бид өөрсдийн улс орныг бүхэлд нь илэрхийлэхүйц Төрийн сүлдэндээ хүлэг морио залсан буй. 1992 онд батлагдах хүртэл нэлээдгүй маргаантай байсан төрийн бэлгэ тэмдгийн тухай асуудалд олонх эрдэмтэн, түүхч нар хүлэг морио багтаах хүсэлтэй байсныг ном, сударт тэмдэглэсэн байдаг. Мөнхүү Монгол Төрийн их баяр цэнгэл болох эрийн гурван наадмын нэг нь хурдан морины уралдаан байдаг. Мэдээж кино багийнханд хүндхэн сонголт. Учир нь кино бүтээхэд сур харваа, бөхийн барилдаанаас илүү ярвигтай байсан нь хэн бүхэнд тодорхой шүү.

Гэвч тэд чухал сонголтыг чухалчлан үзэж чаджээ. Тэнгэрийн хаяанд аварга том шувуу далавчаа дэвэх шиг тоос харлан үзэгдэж, тал нутгийн чинадад унаач хүүхдүүдийн гийнгоолох дуун сонстож, дуран сунган суугаа өвгөн уяачдын нүдэнд нулимс мэлмэрч үзэгдэх талын нүүдэлчдийн эгэл даруухан амьдралыг “Чингисийн хүүхдүүд” кино сүржин бөгөөд хиймэл нь дэндсэн ямар нэгэн эсрэг дүр, хурц үйл явдал,элдэв чимэглэлгүйгээр үзүүлж чаджээ.

Бүтэн сэтгэлийн дуу

Бид өнөөдөр байгалиас хэт их холдсоор буй. Суурин иргэншилд өсч, хөдөө явж үзээгүй хүүхэд, залуус олширчээ. Тэд байгалийн салхи яаж хүнгэнэдгийг мэдэхгүй, говийн нарны халуун илч, ой модны шуугиан, булаг шандны хоржигнох чимээ хэрхэн хөгжимлөг сонсогддог болохыг мэдэрч үзээгүй. Гэвч энэ нь даяаршилтай холбоотой бөгөөд суурин иргэншлийн нөлөө гэдгийг өнөө цагт мэдэхгүй хүн ховор болжээ. Тиймээс л бидэнд үлдэх зүйл чухал.

Харин кино зохиолын хувьд хэт энгийн өгүүлэмжтэй боловч хэдэн ном өмнөө тавьчихаад тасдаад нийлүүлчихсэн мэт зүйл үгүй. Монгол хүн өглөөн нар мандахаас жаргах хүртэл туулан өнгөрүүлдэг талын нүүдэлчдийн л амьдралтай. Бидэнд тийм ч онцгой сэтгэгдэл төрүүлэхгүй байж болох ч энэ л энгийн аж төрөхүй, уул ус, хурдан хүлэг морь, унаач хүүхэд хийгээд хувцас хэрэгсэл нь хүртэл гадаадын үзэгчдэд “гайхалтай” санагдах нь мэдээж. Үлгэр, домгоос сэдэвлэж хийсэн уран сайхны кино шиг л санагдана.



“Хурдан морь уралдуулах монгол уламжлалаа алдахаас л хамгийн ихээр айдаг” уяач Болд өөрийн алдартай хурдан хүлэг бор морио унуулахаар Дамбийн том хүү Ууганааг гуйж ирснээр киноны үйл явдал эхэлнэ. Өнгөн дээрээ сүр сар хийсэн, ууртай ч гэмээр энэ эрхмийн дүр ёс заншлаа дээдэлсэн, молор эрдэнээ чин сэтгэлээс хайрладаг нэгэн болохыг кино үзэгчид харахгүй өнгөрсөн гэвэл жинхэнэ үлгэр болох биз ээ.

Нутаг усандаа нэрд гарсан хурдан удмын адуутай ч Дамбий морь уядаггүй бөгөөд гурван хүү нь аавыгаа морь уяж, өөрсдийн хүлгээ унаж хурдлуулахыг хүснэ. Киноны үйл явдлаас тоймлон үзвэл Дамбийн дунд хүү Бямбаа дунд сунгааны үеэр хонинд унаж явсан хээр морьтойгоо уралдаад түрүүлчихдэг. Үйл явдлын шугам дундуур ямар нэгэн хүчтэй зөрчил үүсгэлгүйгээр энэхүү дүр зургийг хэрхэн шингээснийг бодох тусам найруулагчийн чадварыг магтууштай санагдана.

Үүнээс хойш хүү өөрийн хүслээр морио нууцаар уях бөгөөд аав нь тун удалгүй олж мэднэ. Ээж болох Цэцэгээ нь морь уях эрдмээ гурван хүүдээ өвлүүлж өгөхийг хань Дамбийгаас хүсэх бөгөөд “Уралдаад заавал түрүүлэх ч албатай биш” гэж хоолой зангируулан хэлдэг. Бүтэн сэтгэлийн дуу гэж энэ бөлгөө. Тэдэнд наадамд морио түрүүлүүлж нэр алдар горилох сэтгэл үгүй. Аав нь морио уяж, хүүхдүүд нь унаж, ээж нь сэтгэл догдлуулан харж зогсоно. Ингэж Тулгар Төрийн их баяр цэнгэл наадам бүтэн болно.

Цагаан сүү хийгээд Монгол сэтгэл

Тал шигээ уужим, тэнгэр шигээ гүн, сүү шиг цагаан сэтгэлтэй ард түмнийг Монголчууд хэмээдэг. Хот ч орж үзээгүй нэг айлын ах, дүү гурван хүү “Чингисийн хүүхдүүд”-ийн дүрийг хэрхэн бүтээснийг үзэгч та эргэж бодоод нэг үзээрэй. Сэтгэлд чинь нэг тийм дулаахан зураг амилах нь лавтай. Мөнхүү тэдэнд жүжиглэх шаардлага байгаагүй ч байж мэдэх юм. Учир нь энэ тэдний өссөн ахуй хийгээд, өдөр болгон давтаж хийдэг зүйлс. Гэвч камерийн өмнө гарахад жүжигчдээс их бага хэмжээний чадвар шаарддаг нь тодорхой.



Болдын хурдан буурлыг унаж буй том хүү Ууганаад аав нь “Дүүгээ хараад хүний морийг татаж болохгүй” гэж захина. Мөнхүү НҮБ-ын ажилтан Сара унаач хүүхдүүдэд хамгаалалтын хувцас тараахаар ирэхдээ “Гайхалтай. Нутгийн хүмүүс бие биедээ үнэхээр сайн хандах юм” хэмээн гайхширдаг. Учир нь шаварт унасан унагыг Дамбийн дунд хүү Бямбаа гаргах гэж хичээн буйтай тааралдаж тусалдаг билээ. Харин Бямбаа хүү хэний мал болохыг нь мэдэхгүй ч гэсэн хөөрхий унагыг аврах гэж хичээж байсан нь харийн хүнд “онцгой” сэтгэгдэл үлдээдэг. Энэ бүхний үргэлжлүүлэн нурших ч хэрэггүй биз. Бидний уламжлалт зан заншил, сүүн цагаан сэтгэлийн хариу нэхдэггүй ач тус нь дүрсээр биежин бүтээгдсэн нь энэ билээ.

Адуу хэмээх Төрийн сүлдэнд заларсан амьд ертөнцийг дотор нь орсон мэт мэдэрч, морины нүдээр уламжлалт ахуйн олон өнгө төрхийг бүтээн бий болгосон нь сайн хэрэг. Үүнд л Монголчуудын байгаль болоод амьтныг илүү ойлгож мэдрэх, амьд харилцаа хийгээд гадаадын улс оронд үнэлэгдэх сэтгэлгээний хэлбэр оршиж буй.



Дашрамд өгүүлэхэд тус кино Монголынхоо нийт үзэгчдэд тун удахгүй хүрнэ. Мөн оскарын шагнал гардуулах ёслолын дараагаар Америкийн кино театруудаар гарч бидний ёс заншил, талын нүүдэлчдийн оршихуй дэлхийн үзэгчдэд хүрэх ажээ. Ийнхүү Америкт гаргах эрхээ “G” буюу “General audience” бүх насныханд хэмээн авсан анхны кино юм. Тиймээс ухаан орсон л бол найман настай балчираас наян настай буурлууд ч “Чингисийн хүүхдүүд”-ийг үзэж болохоор болжээ. Бид бүхэлдээ нэг улс гүрний иргэд шиг, эх орондоо хайртай Чингисийн хүүхдүүд шиг нэгдэн нийлж тус киног дэмжиж чадвал 2008 онд анхны олимпийн алтан медалиа Монгол Улс хүртсэн шиг 2018 онд “Чингисийн хүүхдүүд”-ээр “Оскар” авах боломж нээлттэй байна. Үүнд огтхон ч үл эргэлзнэм.
 
Тоймч: Б.Алтанхуяг
 
 
Холбоотой мэдээ