Малчид бэлчээрээ хамгаалж тэмцэхээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2017-10-20 16:15:43

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Уул уурхайгаас үүдэн малын бэлчээр сүйдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна хэмээн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид "Live conference center" төвд мэдээлэл хийх үеэрээ тодотгосон юм.


Өнгөрсөн  есдүгээр сарын 22-нд Ашигт Малтмал газрын тосны газраас  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын гурван багийн малчдын гол бэлчээр нутаг болох Алаг толгод, Гашуун, Залаатад  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын тендер зарлажээ. Тус сонгон шалгаруулалтын ялагчийг энэ сарын 23-нд шалгаруулж тусгай зөвшөөрөл олгоход бэлэн болсон аж. Харин тендерээр олгох дээрх газарт 40 орчим  өвөлжөө, хаваржаанд 40 гаруй малчин өрх амьдардаг  байна. Эдгээр малчдын эрх ашгийг хөсөрдүүлж буйг  олон нийтэд мэдээлэхээр  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын "Байгаль хамгаалах иргэдийн бүлэг" нийслэлд  хүрэлцэн ирлээ хэмээн хэвлэлийн бага хурлыг эхлүүлсэн юм.

Байгаль хамгаалах иргэдийн бүлгийн ахлагч Э.Чулуунзүрх ярихдаа,  "Даланжаргалан сум нь 404.5 мянган га газар нутагтай. Үүний 70 орчим хувьд нь  уул уурхай ажиллаж байна. Тухайлбал МАК, Чингисийн хар алт, Штанк коли, Алаг тогоо зэрэг томоохон компаниуд 1990 оноос хойш хайгуул, олборлолт хийж ашиг хүртсэн ч  нөхөн сэргээлтийн ажилд хайхрамжгүй хандаж ирсэн. 

Манай Баянжаргалант сум  150 гаруй мянган малтай бөгөөд эдгээрийн 80 хувь нь уул уурхайн сөрөг нөлөөлөлд өртсөн.  Шороо тоосжилтоос болж мал бэлчих газаргүй боллоо.
Малчид мөрөөрөө малаа маллаад амьдрахад хүнд байна. Бид хангалттай тэвчлээ. Алаг толгод, Гашуун, Залаатын тендерт оролцож буй компаниудыг нэрээ татаж аваач хэмээн мэдэгдэхээр энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна.   У.Хүрэлсүх сайд, УИХ-ын байнгын хороонд 900 хүний гарын үсэгтэй өргөдлөө хүргүүлсэн. Аль нь ч хариу өгөөгүй байна. Аймгийнхаа засаг даргад мэдэгдсэн ч дорвитой хариу ирүүлээгүй" гэв.

Малчид  дээрх гурван талбайн сонгон шалгаруулалтын тендерийг цуцлахгүй бол  тэмцлийн хүнд хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.

 

Б.Заяа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ