Сурагчид замын хөдөлгөөний дүрмийг сурталчилав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-20 16:53:42
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчдод зориулалтын явган хүний гарцаар гарах дадал, хэвшлийг олгох зорилгоор сурагчдын зөвлөлийн байгууллагаас санаачлан "Бид өсвөрийн зохицуулагч” нэг өдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Ахлах ангийн сурагчид аймгийн төвийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг авто замууд дээр сурагчдын хичээл орох болон тарах цагуудад зогсож хөдөлгөөнд оролцож буй зорчигчдод замын хөдөлгөөний дүрмийг сурталчилжээ.

Баруун-Урт сумын нэгдүгээр бүрэн дунд сургууль 10 дугаар сарын 18-наас 25-ны хооронд сургууль дээр “Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё” аяныг зарласан. Үүний  хүрээнд тус сургуулийн “Цацраг” сурагчдын зөвлөлөөс дээрх арга хэмжээг зохион байгуулсан байна. Зөвхөн сурагчид төдийгүй замын хөдөлгөөнд оролцож буй бүхий л насны иргэдэд замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчилсан материал тарааж, зам тээврийн ослоос хэрхэн урьчилан сэргийлэх талар мэдээлэл өгчээ.

Баруун-Урт сумын төвд дөрвөн ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, арван цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. ЕБС-иудын хувьд дөрвүүлээ төвд байрлалтай, мөн ойр орчимд нь тойргийн болон туслах замууд байдаг. Тиймээс бага насны хүүхдүүд сургуулийн орчинд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр. Тиймээс зам тээврийн ослоос црьчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дагаж мөрдөх нь чухал.

Он гарсаар аймгийн хэмжээнд хоёр хүүхэд сургуулийн орчинд зам тээврийн осолд өртжээ.  
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ