Зургаан сум өвөлжилтийн бэлтгэлийнхээ 90 гаруй хувийг хангаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-25 22:12:02
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдад ажиллаад иржээ. Тэд тус сумдын өвөлжилтийн бэлтгэл ажил болон сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилт зэрэгтэй танилцаж, заавар зөвлөгөө өгч, санал бодлоо солилцон, тулгамдаж буй асуудлыг нь сонссон байна.
Эдгээр сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай хангагджээ. Тухайлбал, сумд өвс тэжээлийн нөөцөө хангалттай татаж, отор нүүдэл хийх сумдтайгаа гэрээ хэлэлцээр хийсэн байна. Мөн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийн халаалт хэвийн явагдаж, үйл ажиллагаа нь сайн байжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр, БСУГ-ын ахлах мэргэжилтэн И.Ганболд нарын албаны хүмүүс явжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ