Үлийн цагаан оготно устгаж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-30 16:32:16
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутаг дэвсгэрт тархаад буй үлийн цагаан оготнотой тэмцэх, устгах ажлыг эхлүүллээ. Аймгийн засаг даргын А/568 тоот тогтоолоор ажлын хэсгийг байгуулж, уг ажилд таван сая төгрөг төсөвлөжээ. Улмаар оготно устгалын ажилд төрийн 33 байгууллагын 130 гаруй албан хаагч оролцож байна.

"Өнгөрсөн зургаа, наймдугаар сард үлийн цагаан оготнын тархалтын судалгааг манай газар, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хийсэн. Сүүлд буюу наймдугаар сарын судалгаагаар үлийн цагаан оготно аймгийн нийт нутаг дэвсгэрийн 223,6 мянган га талбайд тархсан гэдгийг тогтоосон. Үүний дагуу бид  ХХААХҮ-ийн яаманд хүсэлт тавьсан. Уг нь жил бүр оготно устгах ажил хийгддэг ч энэ жил оройтоод байна. Тиймээс бид аймгийнхаа хэмжээнд яаралтай арга хэмжээ авах шаардлага бий болсон учир аймгийн засаг даргын захирамжаар олон нийтийг хамарсан ажлыг өөрсдөө хийхээр болсон юм. Ингээд 10 дугаар сарын 27-ны өдрөөс Баруун-Урт сумын 12 хэсэгт устгалын баг гаргасан. Оготноор хооллодог шувууны үүр, суудлыг хөдөө байрлуулахаас ажил маань эхэлж байна. Нэг төрийн байгууллагаас 3-4 албан хаагчийг дайчилж байгаа. Одоогоор оготно устгалын ажилд 130 гаруй хүмүүс оролцож байна...” хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өлзийтогтох хэлэв.

Энэ жил үлийн цагаан оготно нь Монгол Улсын 18 аймгийн 300 сумын 40 орчим сая га талбайд тархжээ. Энэ амьтан нь ингэж олширсон үедээ бэлчээрийн ургамлыг 90-100 хувь устгаж мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ихээхэн хохирол учруулдаг ажээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ