Команд штабын сургуульд Сэлэнгэ аймаг “А” үнэлгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 15:08:44

Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын шадар сайд, аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Засаг даргатай хамтран Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний команд штабын сургуулийг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.

Энэхүү үндэсний хэмжээний томоохон дадлага сургалтыг нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгийн үеийн төлөвлөлт, удирдлагын харилцан ажиллагаа гэсэн сэдвээр зохион байгууллаа. Уг сэдвийн хүрээнд орон нутгийн удирдлагын бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, бүх шатны хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдлах бүрэлдэхүүний харилцан ажиллагааг сайжруулах зорилготой байлаа.

Сургалтыг зохион байгуулагч ОБЕГ-ын гамшгаас хамгаалах албаны дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ:”Аймгийн Засаг дарга, түүний тамгын газрын зүгээс энэхүү сургуулийг зохион байгуулахад маш их анхаарал хандуулж, нэлээд дорвитой арга хэмжээ авч ажилласан байна. Мэргэжлийн ангийн жигдрэлт өмнө зохион байгуулсан аймгуудтай харьцуулахад маш сайн жигдэрсэн харагдлаа. Мөн аймгийн Засаг дарга захирамж гаргаад өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллахаас гадна гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулахын тулд төлөвлөгөө гарсан байна. Түүнчлэн сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой төсөв санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэн ажиллажээ” хэмээн дүгнэлээ.

Мөн тэрээр  “Энэ удаагийн Сэлэнгийн сургуулилт бусад аймгуудаас өвөрмөц онцлогтой болсон. Ажлын хэсгийн зүгээс 5-аас доошгүй хоногт орон нутагт ажиллаж заавар зөвлөгөө өгдөг. Энэ удаа бид нэг өдрийн өмнө ирсэн. Ирээд бэлтгэл ажилтай танилцсан. Шууд батлагдсан бодлого төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа явуулсан. Энэ бол бусад аймгуудад жишиг болохоор ажил болсон гэдгийг онцолж хэлмээр байна. Цаашид бусад аймгуудад энэ жишгээр зохион байгуулна. Энд хүн хүч, хөрөнгө мөнгө хэмнэсэн, олон хоног зарцуулахгүй маш үр дүнтэй ажил болсон. Энэ туршлагыг Сэлэнгээс очоод судлаарай гэдгийг хэлнэ. Орон нутагт ямарч гамшиг тохиолдсон өөрсдөө бие даагаад ажиллах чадвартай болно гэдгийг энэ дадлага сургалтаар харагдаж байгаа юм. Иймээс би энэ удаагийнхаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулиа 92 хувь бую “А” үнэлгээтэй дүгнэлээ” хэмээн онцлон хэлсэн юм.

Энэ арга хэмжээнд аймгийн хэмжээнд 526 гаруй хүн,  182 машин техник бэлэн байдалд хамрагдан ажиллажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ