"Эрдэнэс Тавантолгой"-н ҮЭ-ийн дарга өөрийгөө галдан шатаахыг оролдов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-13 15:20:34

 Өнгөрсөн 10 дугаар сарын 17-нд “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 203  ажилтныг “TT-JVCo” компанид шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. 

Тус компанийн зүгээс ажилтнуудын ажлын байрны нөхцлийг дордуулахгүй, цалин, тэтгэмжийг бууруулахгүй нөхцлөөр “TTJVCo” компанид шилжүүлж буйгаа мэдэгдсэн. Харин "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчдын мэдээлж буйгаар тус компанийн зүүн цанхид Австралийн компани гэрээгээр олборлолт явуулдаг байсан аж. Дээрх  ажилчид Австралийн “Макмахон Холдинг” компанийн удирдлаган дор ажилладаг байсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг  тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон.

Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс  “Австралийн “Макмахон Холдинг” компани  Монголоос гарч оронд нь Хятадын компани орсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” хэмээн мэдэгджээ. Уг шийдвэрийг ажилтнууд эсэргүүцэж “Хятадын компани руу шилжүүлсэн 200 гаруй ажилтныг эргүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн харьяанд ажилд авах,хамтын гэрээ хэлэлцээрийг даруй хийхийг шаардаж гурван өдрийн суулт зарласан.

Дээрх ажилтнууд "Хятад компани 33 сарын ажлын баталгаа гаргахаар болсон нь банкинд зээлтэй ажилтнуудын хувьд амьдралын баталгааг үгүй хийж байна. Бид энэ компанид 20-30 жил ажилласан ажлын туршлагатай. Гэтэл “TTJVCo” компани нь биднийг  шалгалтад оруулж авна гэсэн нь "тэнцээгүй" гэх шалтгаанаар ажлаас халах магадлалтай. Тиймээс бид энэ үйлдлийг хөдөлмөрийн хууль зөрчиж хүний эрхэнд халдсан хэрэг"  хэмээн эсэргүүцэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнө жагсаал, суулт зарлаж, тэмцэл одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм.

Тэгвэл өнөөдөр тус компанийн Үйлдвэрчний эвлэлээс  цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагт мэдээлэл хийж эхэлсэн бөгөөд энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций сум дахь  Үйлдвэрчний Эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаахыг оролдов.

 Тэрээр  “Энэ залуусын төлөө шатвал ч шатья” хэмээн гэнэт усны савтай бензин өөр рүүгээ цацаж гал тавьсан  бөгөөд азаар  галын хор ойр байж галыг унтраав. Тэрээр Зууны мэдээ сониноос “Эрдэнэс Таван толгой” ХК руу хөл нүцгэн явж "тэмцлийн хэлбэр" гэснээс өөр тайлбар өгсөнгүй.

Б.Заяа

Холбоотой мэдээ