Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-01 12:03:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн түүхт ойг тохиолдуулан спортын салбарт үнэмлэхүй амжилт гаргасан зарим хүмүүст шагналыг нь гардууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпийн ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний 3 удаагийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин жүдоч Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цолыг гардуулсан юм.


Мөн Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн ба шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдөр монголчуудын хувьд сайхан, баяртай мэдээтэй өдөр байна. Жудо бөхийн төрлөөр амжилт гаргасан тамирчдаа шагналаа. Шагнал гардуулах өдөр тэмцээнтэй байсан учраас өнөөдөр гардуулж байгаа юм. Яг шагнал гардуулсан өдөр Абу Дабид болсон Их дуулга тэмцээнд энэ хоёр тамирчин маань алтан медаль авч төрийнхөө одон, медалийг мялаасан.

Д.Сумъяа 26-хан настай, энэ насандаа ахадмаар одон медаль, тэмцээн уралдааны шагналууд хүртсэн. Энэ амжилтыг нь Монгол Улсын төр үнэлж байна. Энэ амжилт маш олон өсвөр залуу үеийнхэн, хүүхдүүдэд эх оронч үзэл суулгахад жинтэй үлгэр болох юм. Эх оронч үзлийг дэлгэрүүлж байгаад нь Д.Сумъяагаа давхар урамшуулж байгаа юм шүү. 

Г.Одбаярын хувьд 2017 онд Будапештэд болсон ДАШТ-д 73 кг-ын жинд 73 тамирчин оролцсоноос 6 барилдаж нэг ялагдсан. Хүрэл медаль бол ялж авдаг медаль. Цаашдаа олон залуусыг үлгэрлэж амжилтаа бататгаарай.Токиогийн олимп хүртэл амжилтаа буулгахгүй шүү гэж та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол Улсын Жудо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд давхар үүрэг даалгавар өгч байна. Хамт олондоо баярлалаа” гэлээ.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал





 

 

Холбоотой мэдээ