Сум дундын өвсний нөөцийн салбарыг улсын салбар болгох санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-01 22:22:01
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Л.Ганболд Цагаан-Уул, Улаан-Уул, Шинэ-Идэр сумын сум дундын өвсний фондыг улсын нөөцийн салбар болгох, Эрүүл мэндийн гурван төв, Сумын Засаг даргын тамгын газарт таван автомашиныг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тавилаа. Тус аймгийн хэмжээнд гурван сум дундын өвсний фонд байдаг боловч төсөв байхгүйн улмаас харуул хамгаалалт авах боломжгүй тул улсын нөөцийн салбар болгож энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэв.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр аймаг орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга дээрх хүсэлтээ танилцууллаа.
Мөн Галт, Улаан-Уул сумын цахилгааны станц зургаан удаа засварт орсон учраас шинэчлэх шаардлагатай байгаа, зам давааны цас мөсийг цэвэрлэхэд техник тоног төхөөрөмж шаардлагатай байгаа зэрэг орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг танилцуулсан байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар эдгээр асуудлыг яаралтай судалж, шуурхай шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. 
Дээрх цахим хурлын үеэр Г.Занданшатар дарга Засгийн газраас барьж буй бодлого, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулж аймаг бүрийн өмнө тулгамдаж буй асуудлыг тус бүрчлэн сонсч өвөлжилтийн бэлтгэл базаахад онцгой анхаарах үүрэг өгсөн юм.
 
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ