Сурагч солилцооны хөтөлбөр аймаг дотроо үргэлжиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-01 22:37:54
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ерөнхий боловсролын сургууль энэ хичээлийн жилийн сурагч солилцооны хөтөлбөрөө амжилттай зохион байгуулсан байна.
Түшиг сумын сургууль сурагч солилцооны хөтөлбөрийг анх 2015 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын сургуулиудтай харилцан хэрэгжүүлж эхэлжээ. Энэ удаа өөрийн аймгийн төв Сүхбаатар сумын улсын тэргүүний лаборатори дөрөвдүгээр сургуулийн улсын тэргүүний багш Б.Цолмонгийн удирдсан 10в, Түшиг сумын сургуулийн 10а ангийн сурагчдын төлөөллийг солилцжээ.
Хөтөлбөрийн дагуу Сүхбаатар сумын улсын тэргүүний лаборатори дөрөвдүгээр сургуулийн улсын тэргүүний багш Б.Цолмонгийн удирдсан 10в ангийн есөн сурагч Түшиг суманд долоо хоногийн хугацаатай зочилсон байна. Хүүхдүүд энэ хугацаанд спорт өрөлт, сүрлэн наамал, модон хүүхэлдэй хийх болон оюун ухааны хичээлд суралцаж, сурсан зүйлээ үе тэнгийнхэндээ болон дүү нартаа заан сургасан нь хүүхэд хүүхдээ хөгжүүлэх үр өгөөжтэй сайхан ажил болсон байна.
Мөн Түшиг сумын сургуулиас дөрвөн сурагч Сүхбаатар сумын дөрөвдүгээр сургуульд айлчилсан бөгөөд сурагчдын өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцож, сурагчдыг цэвэр усны савтай болгох зэрэг хэд хэдэн ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлжээ. Энэхүү сурагч солилцооны хөтөлбөр нь сурагч сурагчаасаа суралцах, сургуулийн орчинд өөрсдийгөө хөгжүүлэх, нээх зэрэг олон давуу талтай ажил болдогоороо онцлогтой ажээ. Тус сурагч солилцоо хөтөлбөрийг энэ оны 10-р сарын 23-наас 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ