Монгол “ДАГУУР”-ыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 16:23:26

Монгол, ОХУ-уудын хамтарсан дархан цаазат газар (ДЦГ) байгуулан, дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр болжээ.

Дорнод аймгийн нутагт орших Монгол Дагуурын дархан цаазат газрыг хил залгаа ОХУ-ын нутаг дахь “Даурский” ДЦГ-тай нэгтгэн, “Дагуур” хэмээх байгалийн тусгай хамгаалалттай шинэ бүс байгуулах аж.

“Дагуур”-ыг ирэх оны хоёрдугаар сарын 1-нд дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д хандах бэлтгэл ажлаа талууд базааж байна. ОХУ-ын “Даурский” ДЦГ-ын эрдэм шинжилгээний ажилтан Ольга Кирилюк “Бид монголчуудтай хамтран шинэ ДЦГ-т ямар бүс нутгийг багтаах талаар хэлэлцэж, судалгаа хийлээ. 2016 онд Туркийн Истанбул хотод болох ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн чуулганаар бидний саналыг авч хэлэлцэнэ” гэж мэдэгджээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй явагдсан судалгаагаар Монголын Угтам уулын тусгай хамгаалалттай газрыг “Дагуур” шинэ бүст багтаахаар шийдсэн гэнэ. Энэ газар нь 40 мянган га талбайтай бөгөөд Улз голын сав газарт багтдаг. Энд дэлхийд нэн ховордсон цэн тогоруу байгаа нь Оросын эрдэмтдийн анхаарлыг ихэд татаж байгаа аж.

Б.Туяа

Холбоотой мэдээ