Хальтиргаа, гулгаатай холбоотой гомдлын мөрөөр шуурхай баг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-13 16:30:56

 Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэлээс 80 тонн давс, 410 тонн бодис, 100 тонн элс нөөцлөөд байна хэмээн мэдээллээ. Энэ нь 20 гаруй удаагийн цас ороход хэрэглэхэд хүрэлцэнэ гэж тооцоолжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр тус нэгтгэл  бодисын нөөцөө 575 тонн болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. 

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Энхсайхан ярихдаа, “Хариуцах эзэнгүй зам талбай гэж байхгүй. Манай байгууллага Улаанбаатарт  315 км замын хальтиргаа, гулгааг цэвэрлэх үүрэг хүлээдэг. Бүх замыг биднийг хариуцдаг гэсэн буруу ойлголт иргэдийн дунд  байдаг. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө,Чингэлтэй, Хувьсгалчдын гудамж, Нарны зам гэх мэт гол магистраль замуудыг хариуцдаг. Бусад хороолол доторх гудамж зам талбайг зургаан дүүргийн тохижилт дэд бүтцийн хэлтэс болон түүний харьяа ТҮК хариуцаж байна.  Аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр зам талбайг цэвэрлэх ёстой. Мөн иргэд үүргээ биелүүлмээр байна. Өнгөрсөн удаагийн цаснаар нийт машины 90 орчим хувь нь зуны дугуйтай байснаас үүдэн осол аваар ихээр гарсан. Тиймээс зориулалтын дугуй тавиагүй явж байгаад хальтирч осолд орсон, гэмтсэн хүмүүсийн хохирлыг манай байгууллага хариуцахгүй гэдгийг мэдэгдье. Энэ жилээс эхлэн бид  шинэ менежмент хэрэгжүүлнэ. Тухайлбал хальтиргаа, гулгаатай холбоотой гомдлын мөрөөр ажлын хэсэг ажиллана. Мөн цас мөс цэвэрлэх шуурхай баг гарган 24 цагаар дуудлагаар ажиллуулж байгаа. Иргэд аж ахуйн нэгж манайхаас  1кг давс 400 төгрөгөөр худалдан авах боломжтой” гэв.   

Улаанбаатар нэгтгэлийн баруун зүүн хоёр салбарт хоёр шуурхай баг ажиллаж буй бөгөөд даваа гүвээтэй замуудыг  шуурхай цэвэрлэж буй аж.  Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 13 цас, мөс цэвэрлэдэг машин ажилладаг байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ