Орон нутгийн төсөв бүрдүүлэх талаар байгаль орчныхонд мэдээлэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-03 00:11:10
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн, мэргэжилтнүүдийнхээ хамтаар өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажилласан байна. Энэ үеэр орон нутгийн орлого, тэр дундаа сумын төсвийн орлогуудын төлөвлөлт хэр зэрэг үндэслэлтэй явагдаж байна, одоогийн байдлаар хэрэгжилт хэдэн хувьтай явж байгаа, цаашид оны төгсгөл хүртэл ямар ажлуудыг зохион байгуулах талаар хэлэлцүүлэг хийжээ.
Мөн зөвхөн энэ ондоо биш ирэх ондоо байгаль орчны салбараас орох татварын орлогын нэр төрөл, төлбөр хураамж тус бүр дээр төлөвлөлт, гүйцэтгэлийг хянаж, голчлон юуг анхаарах талаар ярилцсан байна. Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэнгээс энэ талаар тодруулахад: “Сумдад байгаль орчны байцаагч болон байгаль хамгаалагчид ажилладаг. Тэдгээр хүмүүсийг мэргэжил арга зүйгээр хангаж ажилладаг байгууллага бол аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Тиймээс энэ байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, бусад байгаль хамгаалагч нарт мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийж байна. Сумын төсвийн орлогод орж байгаа төлбөр хураамжуудыг төлүүлэх, түүний ногдуулалтыг хийх, хэрэгжилтийг хангах, иргэдээс хэрхэн төлбөр хураамжаа авч барагдуулах, түүнийгээ дараа дараагийн жилүүдийн дунд хугацааны төлөвлөлтөд хэрхэн авч хэлэлцэх вэ гэдгийг энэ үеэр ярилаа. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газар бол аймгаас буюу орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага. Иймээс ажилчдын нөхцөл байдал, ажиллах орчин, бодлогын чанартай үйл ажиллагаа явуулахад гарч байгаа бэрхшээл, анхаарах асуудал зэргийг сонсож мэдлээ” гэсэн юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ