Нийслэлчүүд цогц амралтын хүрээлэнтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-13 19:00:19

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Усан парк бүхий “Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ыг байгуулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол шилтгээн” ХК, “Багг” ХХК-тай хамтран ажиллахаар боллоо.

Санамж бичигт нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Монгол шилтгээн” ХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Амарбаатар нар гарын үсэг зурлаа. 
Хотын дарга хэлэхдээ, “Нийслэлд анх удаа амралт зугаалга, аялал жуулчлалын цогцолбор бүхий усан парк барих ажлыг  “Монгол Шилтгээн” ХК болон “Багг” ХХК хамтран Бүгд найрамдах Унгар улсын худалдааны төлөөлөгчийн газрын Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Мажаар трейд Хаус” ХХК-ийн дэмжлэгээр хэрэгжүүлэхээр болсонд таатай байна. Усан парк нь нийслэлчүүдийн очих дуртай газруудын нэг болно гэдэгт эргэлзэхгүй. Хотын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлнэ” гэлээ.
Усан парк бүхий “Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ын төслийн санхүүжилт нь 20 сая ам. доллар аж. Тус төслийн хүрээнд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөл, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийхээр тусгажээ.
"Монгол шилтгээн" цогцолборыг өргөжүүлж, Европын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй Усан парк бүхий “Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ыг Унгар Улсын хөнгөлөлттэй санхүүжилтээр дэвшилтэт техник технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй барилгын материалаар Унгар Улсын тэргүүлэх мэргэжлийн компаниудаар бариулах юм байна.
Тус цогцолбор нь дөрвөн улирлын турш ажиллах “Усан парк”, ”Зочид буудал”, “Спорт, энтертаймент”, Кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр, бүх орны хоолны газар бүхий цогц амралтын хүрээлэн болох аж.

 

Холбоотой мэдээ