С.Сумъяа:Урлагийн замд хөтөлсөн анхны багш бол миний хоёр аав юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 22:00:08

Төв халхын алдарт уртын дууч, МУГЖ Самбуугийн Сумьяатай цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр Арвайхээр суманд амьдарч, төв халх уртын дууг хойч ирээдүйдээ сургасаар явна.

Тэрээр Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярт зориулсан 800 уртын дууч, 800 морин хуурчийн тоглолтын 80 уртын дууч, 80 морин хуурчийг Өвөрхангай аймгаас бэлтгэх ажлыг гардан зохион байгуулж байсан юм.

Өвөрхангай аймгаас төвийн бүсийн хэмжээнд алдарт дуучин С.Сумъяагийн нэрэмжит уртын дуучдын уралдааныг хоёр жил тутамд зохион байгуулдаг ба С.Сумъяа нь МЗО-ы I, II, III  их наадмуудын алт мөнгө хүрэл медалийн эзэн болсон, “Тууврын замд”, “Ард Аюуш” зэрэг кино болон олон жүжигт гол ба туслах дүрүүдийг амжилттай бүтээсэн нэр бүхий хүн бөгөөд СББӨ-ийг ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн билиг авьяастны Үндэсний жагсаалтад бичигджээ.

-Өвөрхангайд та хүндтэй хүн. Бүгд л таныг танина. Гэхдээ та өөрийнхөө тухайд дахин нэг танилцуулахгүй юу?
-Би Өвөрхангайн Сант сумын хүн уугуул. Гэвч одоо Арвайхээрийнх болж дээ. Сантаас 17 настайдаа гараад Арвайхээрд суманд 50 жил амьдарч байна.
-Та хэдэн жил урлагийн “тогоонд чанагдав”. Ер нь яаж анх урлагийн хүн болсон бэ?
-Би бага байхынх дуунд дуртай, дуулдаг хүүхэд байсан. Би айлын өргөмөл охин. Миний өөрийн эцэг Даржаа гэж их сайхан дуулдаг хүн байсан, өргөсөн эцэг Самбуу ч  бас сайхан дуулна. Манай Сант сумынхан найр хийнэ гэж жигтэйхэн шүү дээ. Би 4, 5 настайгаасаа эхлээд л айлын найранд дуулж чихрээр шагнуулдаг байлаа. Тэр үед чихэр, жимс их ховор байсан. Тэгж л анхны дуулах гараагаа тавьж дээ.

1959 онд Залуучууд, оюутны анхдугаар фестивальд аймгаасаа шалгарч Улаанбаатарт очиж дуулаад буцаж ирэнгүүтээ аймгийн Соёлын ордонд дуучнаар орж байсан юм. Тэнд 49 жил ажилласан байна. Тэтгэвэртээ гараад чөлөөт уран бүтээлч гэсэн нэрээр 7-8 жил хүүхдүүдийг сургаж ажиллалаа. 2012 онд хорт хавдар тусч, тэрийгээ авхуулснаас хойш гэрээсээ гарахаа байсан.

-Та олон шавьтай юу?
-Би олон шавьтай. Аймгийн 80 жилийн ойгоор өөрийн шавь, одоо ХДТ-ын найруулагч СТА Д.Ганбаатартай нийлээд нэг сарын дотор 80 уртын дуучныг бэлдэж байлаа. Миний гарын 10 гаруй шавь бий. Тэд нараас ес нь мэргэжлийн уртын дуучин болсон байна. Д.Жавхаасайхан, С.Нарантуяа гээд хотод дуулж байгаа том дуучид ч байна. Би шавь нараа заавал өөрийнхөө арга барил, ая дангаар дуулж сурахыг шаарддаггүй, өөрсдийнх нь хоолойн чадал, цараа, чадварт нь тохируулан гол төлөв Төв халхын ая дангаар зааж сургадаг арга барилтай.
-Та хэзээ гавьяат жүжигчин цолыг авав. Сая ХДТ-ын 30 жилийн ойгоор багагүй шагнуулж байсан шүү?
-1991 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авч, 1997онд Монгол Улсын гавъяат жүжигчин болсон. Сая театрын гучин жилээр очихдоо “Энд ажиллаж байгаад олж авсан юм чинь хэдэн медалиа зүүе дээ” гэхэд манай зээ “Эмээ холхон яваарай. Хангир, янгир гээд их хэцүү байдаг юм” гэж билээ /инээв/. Энэ үеэр Соёлын яам хавьцаанаас ирсэн юм уу даа, Гавьяаны одон гэж өгсөн.
-Таны нэрэмжит уртын дууны тэмцээнийг аймгийн хэмжээнд байнга зохион байгуулдаг. Энэ жил яагаад болсонгүй вэ?
-Аймгийн ИТХ, Засаг даргаас ивээн тэтгээд миний нэрэмжит уртын дууны тэмцээнийг хоёр жил тутамд дөрвөн удаа зохион байгуулсан. Энэ жил Өндөр гэгээний ой, даншиг гээд олон ажил давхацсан болохоор чадаагүй байх. Энэ тэмцээн хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид, өндөр настнууд гэсэн дөрвөн ангиллаар явагддаг. Арван хэдтэй хүүхэд, 70, 80-тай ахмадууд ч ирнэ. Их өрсөлдөөнтэй, сайхан болдог юм. Би энэ тэмцээндээ их дуртай. Манай соёлын Пүрэвлхам хөөцөлдөөд их сайхан зохион байгуулдаг. Энэ жил чадаагүй ч хойтон болох байх аа. Миний амьдрал ахуйг харгалзаад аймгийн дарга нар өөрсдөө хөрөнгө гаргаж явуулдагт нь их л баярладаг юм.

-Та урлагийн тайзан дээр анх гарч байсан үеэ дурсахгүй юу? Анх ямар дууг эхэлж дуулж байв?
-Би хамгийн анх Сант сумандаа олны өмнө дуулж байсан юм. Миний багад алчуур хаях гээд тоглоом байв даа. Бүгд тойрч суучихаад нэгнийхээ ард алчуур шидэж, тэр алчуур ард нь очсон хүн нь дуулдаг. Тэгэхэд би алчуур авсан хүний өмнөөс их дуулж өгдөг байсан. “Говийн өндөр”-ийг их дуулна.

1959 оны хавар аймагт урлагийн наадам болоход сумынхаа нэгдлийн жолооч Цэрэндаш гээд хүн аман хуурдаж би дуулав аа. Өмнө нь аймагт ирж үзээгүй. Тэр олон хүний өмнө анх гарч, их л сандарч байсан санагддаг юм. Тэгтэл хүмүүс “хүүе, хүүе” гээд л жигтэйхэн алга ташлаа. Би ч намайг хочилж байна гэж бодоод арын өрөөнд гүйж ороод уйлаад суучихсан. Чойсүрэн гуай орж ирээд “Хүү минь, хүмүүс чамд баяр хүргэж дахиулах гэж байгаа нь тэр” гээд л аргадаж билээ. Тэгж л анх урлагийн тайзан дээр гарч байсан юм.

-Танд уртын дууг хэн зааж өгсөн бэ?
-Миний анхны багш бол хоёр аав минь юм.  Би анх ухаан ороод “Аав, ээж минь яагаад намайг айлд өгсөн юм бол доо. Тав, зургаан хүүхэд байхад заавал намайг айлд өгчихдөг” гэж дотроо их боддог байлаа. Одоо бодоход би өөрийн төрсөн эцэг, эх дээрээ байсан бол ингэж яваа ч уу, үгүй ч уу. Өргөсөн ээж, аавдаа л их баярлаж “Надад их л том хөрөнгө үлдээж дээ. Миний амьдралын зам, мөрийг яасан ч сайхан зааж өгөө вэ” гэж бодож, сүсэлж явдаг.

Мэргэжлийн анхны багш бол хөгжмийн зохиолч н.Чойсүрэн гуай юм. Бич их нүүрэмгий хүүхэд байж. Урлагийн бригад ирэхээр гүйж очоод “Та ганц дуу заагаад өгөөч” гээд л гуйгаад явна. Дараа нь Архангай аймгийн харьяат, МУГЖ Сүглэгмаа, тэгээд Норовбанзад багшид шавь орсон доо. Дорждамба гуайгаар ч заалгуулж явсан.

-Дуулах гэдэг бол төрмөл авьяас. Одоо ч та дуулна биз?
-Дуулах гэдэг бол цаанаасаа төрсөн удмын авьяас байдаг. Одоо ч би дуулнаа. Айлын найр наадамд уригдаад дуулж л орхино. Тайзан дээр гарах ч муухай болж дээ. Нүүр ам үрчийгээд...
-Та одоо хэдэн насны босго алхаж байна вэ?
-Одоо 75-тай. Театрт 40 гаруй жил гоцлол дуучнаар ажиллаад тэтгэвэрт гарсан. Гэтэл одооны хүүхдүүд 20 хүрэхгүй жил гоцлоод тэтгэвэртээ гарна гэх юм.

Миний ажиллаж байсан үе сайхан байж дээ. Урлагийн бригадаар их явна. Нэг удаа явахад 45, 60 хоногоор явна. Хамгийн доод тал нь 35 хоног явж байсан. Гэртээ ирж ганц, хоёр хоночихоод л буцаад явна. Урлагийн буянаар би Баян-Өлгийд нэг, Хөвсгөлд хоёр, бусад аймгийг сумтай нь гурваас дээш удаа очсон байна. Өдөрт 3-4 газар тоглолт хийдэг байсан.

-Ийм үед ар гэр, ханийн халамж их чухал байсан байх даа?
-Манай өвгөн их сайн хүн. Энэ өвгөний хүчинд л тэгж явахгүй юу. Муу хүн байсан бол хэдийн урлагаа орхисон байх байсан. Манай өвгөн Түвдэн гээд тээврийн жолооч байсан. Одоо ч бөх л гэж их гүйх болж. Бөхийн цол дууддаг.

Бид чинь цалин багатай, алга болж болж ирэхдээ “Тэдэн төгрөг бэлдэж байгаарай. Би хоолонд тэдэн төгрөгний өр тавьчихсан” гэсээр л ирдэг байсан.

-Таны үр хүүхэд, ач зээ нараас дуулах уу?
-Өөрийн төрсөн гурван хүүхэд, тэдний хүүхэд гээд хориод хүн болж байна. Манай хүүхдүүд дуулахгүй ээ. Эрхбиш айлын найран дээр аягаа дуутай л буцаадаг байх. Надтай хамт байдаг 11-р ангийн бандийгаа 5-р ангид байха; нь “Хөөрхөн халиун”-ыг зааж өгтөл гайгүй дуулмаар болсноо “За за, наадах чинь ер нь бүтэж өгөхгүй юм байна” гээд больчихсон /инээв/.
-Таны урын санд хичнээн дуу бий вэ?
-Миний дуулдаг 70 гаруй дуу бий. Ойрд аялаагүй болохоор бараг эхнээс нь мартаж байгаа байлгүй /инээв/.
-Манай Өвөрхангайчууд хэр уртын дууч бол...?
-Манай Өвөрхангайчууд төв халхаар сайхан дуулдаг ард түмэн юм. Дундговийнхонг сайхан дуулдаг гэдэг. Үнэндээ ч утга уянгатай, их сайхан дуулна. Гэхдээ богинохон. Манай аймгийнхан бол яг л ном ёсоор нь сайхан дуулдаг.
-Танд баярлалаа. Урт удаан наслаарай.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ