Таван зуун мянган хонин толгой бэлчээрийн даацаас хэтэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 12:58:43

Мэргэжлийн байгууллагын тооцоолсноор Увс аймгийн хувьд бүх зарлагаа хасаад 2 сая 666 мянган хонин толгой өвөлжих бөгөөд энэ нь бэлчээрийн даацаас 20 гаруй хувь буюу 700 мянган хонин толгойгоор хэтэрч бэлчээрт илүү ачаалал үзүүлэх юм байна.

Увс аймаг энэ жил 36667 тн өвс бэлтгэсэн. Энэ нь 150 мянган хонин толгой 6 сар идэх өвс бөгөөд 700 мянган хонин толгойгоос 200 мянган хонин толгой өвс тэжээлтэй гэж тооцоод хасвал 500 мянган хонин толгой бэлчээрийн даацаас хэтэрч байна. Ийм нөхцөлд бэлчээрийн даацаас хэтэрсэн малын 50-70 хувийг гадаад зах зээлд нийлүүлж мах экспортолж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэлэмж нэмэгдүүлэх гарц бий аж. Гэвч малаа эрүүлжүүлж, евро стандарт хангасан боловсруулах үйлдвэргүйгээс болоод махаа гадагшаа гаргаж чадахгүй байна.

“Хэрэв бид малаа эрүүлжүүлээд, Европын холбооны стандарт хангасан мах боловсруулах үйлдвэртэй бол жилдээ 5000 тн мах гаргах боломжтой. Нэг кг-ыг нь 10000 төгрөгөөр борлуулахад 50 тэрбум төгрөгийн орлого олох юм. Дээрх махыг хонин толгойд шилжүүлбэл 250000 хонин толгой болж байна. Энэ ажлын үр дүнд бэлчээрийн даац, ачааллыг 15 хувиар бууруулж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг 50 тэрбум төгрөгөөр  өсгөх боломжтой” хэмээн Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Р.Цэндээ мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ