НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөхийг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-11-08 10:51:24
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хөгжиж байгаа орнуудын төлөөллийг элсүүлэн өргөтгөх саналыг ОХУ дэмжиж байгаа хэдий ч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн аливаа тогтоолд хориг тавих эрхийг хязгаарлахад чиглэсэн оролдлогыг шийдвэртэй эсэргүүцэж байна гэж ОХУ-ын төлөөлөгч Олег Филимонов мягмар гарагт Аюулгүйн Зөвлөлийн шинэтгэлийн асуудлаархи Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр тэмдэглэсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.
 
“Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувьд Орос улс энэ байгууллагыг илүү өргөн төлөөлөлтэй болгож, Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудаас элсүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаа боловч АЗ-ийн одоогийн байнгын гишүүдийн хориг тавих гол эрхийг хязгаарлах нь байж болшгүй хэрэг хэмээн үзэж байна. Энэ эрх нь Зөвлөлийн гишүүдийг тэнцвэртэй шийдвэрийг эрж хайхад чиглүүлдэг чухал хэрэгсэл юм” гэж Филимонов цохон тэмдэглэжээ.
 
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэтгэлийн асуудлаархи засгийн газар хоорондын яриа хэлэлцээ хэдэн жил өрнөж байгаа ба улс орнууд Аюулгүйн Зөвлөлийн оновчтой бүрэлдэхүүн, байнгын болон түр гишүүдийн тоо, хориг тавих эрхийг хэрэглэх журам зэрэг гол гол асуудлаар хараахан нэгдсэн саналд хүрээгүй байгаа юм. Байнгын гишүүдийн бүрэлдэхүүнд багтах хамгийн магадлалтай орнуудын тоонд Бразили, Герман, Энэтхэг, ӨАБНУ болон Япон орж байна.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ