Ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2015-11-16 09:36:10

Өвөрхангайчууд өнгөрөгч бямба гарагт аймаг, цэргийн арслан цолтнууддаа хүндэтгэл үзүүлэх дөрөвдүгээр чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Тус аймгийн Үндэсний бөхийн холбоо дөрөв дэх жилдээ энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Холбооны тэргүүн н.Хүрэлбаатар наадмыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү чуулга уулзалтаараа бид аймгаас төрөн гарсан арслангууддаа хүндэтгэл үзүүлэх, тэднийг алдаршуулах, мөн энэ спортоор хичээллэж байгаа залуу үедээ сургамж, үлгэр дуурайлал, урам зориг өгөхийг зорьдог. Түүнчлэн  Өвөрхангай нутгаас улсын цолтой олон бөх төрүүлэх нь бидний зорилго” хэмээн онцолсон юм.

Өвөрхангай аймгийн Бөхийн холбооны дэд дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албан дарга С.Дэмчиг 40-өөс дээш настай ахмад бөхчүүдэд гарын бэлэг гардуулж, хүндэтгэл  үзүүлэв.  Тэрбээр энэ сарын 7-23-ны өдрүүдэд Өвархангай аймгийн сумдад ажиллаж, “Цаг үе” сэдэвт илтгэл тавин, ард иргэдтэй уулзаж байгаа юм. Тэрбээр, "Манай нутгаас маш олон аварга, арслан, заан, начингууд төрөн гарсан. Иймд бөхийн өлгий нутаг гэж хэлж болох юм. Цаашид ч олон улсын цолтой бөхчүүд төрөн гарах боломжтой гэдэг нь харагдаж байна. Манай залуу бөхчүүд амжилттай барилдахад ахмад үеийнхний оролцоо маш чухал" гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ