Бүх өрхүүдийг усны саваар хангаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 11:42:17

Говь-Алтай аймгийн иргэдийн хамгийн тулгамдсан асуудал нь чанартай ундны усаар хангагдах явдал. Энэ асуудлыг  шийдвэрлэж аймгийн төвийн өрхийг “Эрүүл ус” үйлдвэрийн газрын 20 литрийн ундны усны саваар хангасан юм.

Үүний зэрэгцээ 9 сумын ундааны усны гүний худагт цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулснаар бүх сумын төвийн ундны усны худгууд усаа цэвэршүүлэх боломжтой боллоо. Иргэдийн ундны усны цэнхэр, шар, хөх савнуудад хийсэн ус хоногтоо найрлага нь өөрчлөгдөж эрүүл ахуйн шаардлага хангахгүй болж хорт хавдар үүсгэх нөхцөл бий болдгийг шинжилгээгээр тогтоосон болохоор түүнийг өөрчлөх асуудлыг тус аймагт шийдвэрлэж байна. Иймд аймгийн Засаг дарга санаачлан стандартын шаардлага хангасан тусгай сав үйлдвэрлэн нийлүүлэх тендер зарласнаар Улаанбаатар хотын “Аргил сувд” ХХК шалгарч 20 литрийн усны сав үйлдвэрлэн тус аймгийн бүх өрхүүдэд үнэгүй нийлүүлж эхэллээ. Өрхүүдэд зөвхөн унданд хэрэглэх усаа л тухайн саванд хийх шаардлагатай юм. Энэ нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөөтэй ажил болж үр дүнгээ өгнө хэмээн үзэж байгаа ажээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ