Малчдын нэгдсэн зөвлөлгөөн зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-21 12:54:00

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 15 сумын малчин иргэдийн төлөөлөл нэг дор чуулж, мал аж ахуйн чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, малчид мал аж ахуй эрхлэгчдийн тэргүүн туршлага, нийгмийн хамгаалал, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэхээр “Малчдын зөвлөлгөөн-2017"-г зохион байгуулах гэж байна.
Энэхүү зөвлөлгөөнийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг юм. Энэ удаагийн малчдын зөвлөлгөөн 11 сарын 30, 12 сарын 1-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болно.
Малчдад зориулсан сургалт мэдээлэл, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ, нэгдсэн зөвлөмжийг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлж, төрийн бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тус зөвлөлгөөнийг аймгийн ЗДТГазар, аймгийн ХХААГ, Монгол говь нүүдэлч малчдын холбоотой хамтран зохион байгуулах юм. 
Мөн "Монголын баялаг эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж дэлгэр уудам нутагтаа тэгш дүүрэн заяатай яваа малчид, хөдөлмөрчид та бүхнээ ур ухаан шингээж урлан шагласан монгол дээлээрээ гоёж, зөвлөлгөөндөө идэвхтэй оролцоорой" гэж зохион байгуулагчид уриаллаа.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ