Хэвтрийн өвчтөний асаргаа сувилгааны талаар сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-28 10:47:03
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хороо, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран хэвтрийн өвчтөний асаргаа сувилгаа, тэдэнд тохиолддог бэрхшээл эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.
Мөрөн сумын хэмжээнд 900 гаруй хэвтрийн асаргааны иргэд байдаг бөгөөд энэ удаа 30 асрагч сургалтанд хамрагдаж хэвтрийн үйлчлүүлэгчид гарах бэрхшээл, хүндрэл түүнийг даван туулах арга, гэрийн сувилахуй, байрлал солих арга, арьсны цооролтоос сэргийлэх талаар мэдлэг мэдээлэлтэй боллоо. Хэвтрийн өвчтэй иргэд нь өөрснөө бие даан хооллох, бие засах боломжгүй байнгын нэг асруулагчтай байдаг байна. Байнга хэвтэсний улмаас бие нь чилэх, арьс нь цоорох зэрэг олон асуудал гардаг учраас асрагч иргэдийг сургалтанд хамруулах шаардлагатай байдаг аж. Энэ удаагийн сургалт онол дадлага хослон явагдсан нь илүү үр дүнтэй болсон төдийгүй асаргаа хийж байхад тохиолддог олон хүндрэлээс хэрхэн сэргийлэх юуг анхаарах талаар зөвлөгөө мэдээлэл авсандаа суралцагчид талархаж байлаа. 
Б.Гантуяа 
 
Холбоотой мэдээ