Пуужин харвасныг эрс буруушааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-29 13:07:43
НЬЮ-ЙОРК./ТАСС/. БНАСАУ пуужингийн туршилт явуулсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш эрс шийдэмгий буруушааж, цаашид бүс нутагт тогтворгүй байдал үүсгэх үйлдлээсээ татгалзахыг Умард Солонгосын эрх баригчдад уриалсан тухай түүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик сэтгүүлчдэд мэдэгджээ.  

“Умард Солонгосын эрх баригчдын үйлдэл нь олон улсын хамтын нийгэмлэгийн санаа бодлыг үл тоомсорлож, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчиж буй хэрэг хэмээн НҮБ-ын тэргүүн үзэж байна” гэж Стефан Дюжаррик тэмдэглэсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд Умард Солонгосыг цөмийн зэвсэг, түүнийг тээх хэрэгсэл боловсруулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм. Харин Умард Солонгосын эрх баригчид уг баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд "АНУ-ын эрх баригчид дайсагнасан бодлого явуулж буй өнөөгийн нөхцөлд бид улс орноо батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх бүрэн эрхтэй" гэж мэдэгдэж байгаа юм.

Холбоотой мэдээ