Парисын халдлагыг "дайны шинэ хэлбэр" гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-17 12:40:17

БЕРЛИН. /PrensaLatina/. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Йоахим Гаук Парист болсон халдлагыг “дайны шинэ хэлбэр” гэжээ. Мөн лалын шашинт байгууллагууд уг халдлагыг дахин буруушаасан байна.

Дэлхийг сүйтгэсэн дайнд амиа алдсан хүмүүсийг дурсах Германы Үндэсний гашуудлын өдрийг тохиолдуулан тэрбээр үг хэлэхдээ “бид терроризмтой тэмцэх болно” гэдгийг онцолжээ.

Тэрбээр Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын нэгэн адил уг халдлагыг “дайны хэлбэр” гэж нэрлэсэн байна. Үүний зэрэгцээ Германы лалын шашинт найман байгууллага мэдэгдэл хийж, террорист халдлагуудыг иргэншээгүй, зэвүүцэл хүргэсэн үйл ажиллагаа гэжээ.

Мөн тэд халдлагын улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Лалын сүм рүү орох хаалгаар хязгаарлагдахгүй нийгмийн хариуцлага бидэнд бий гэж Герман дахь лалын “Бекир Алтас” зөвлөл мэдэгдэв. Мөн цахим ертөнцөөр хэт давруу үзлийг сурталчилж байгаа залуучуудад анхаарлаа хандуулж ажиллахаа зөвлөл мэдэгдэлдээ дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ