"Таны сонголт-бидний ирээдүй" уриатайгаар ДОХ-ын эсрэг ухуулгуудыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-01 13:42:27
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Далай ван сургуультай хамтран сургагдсан үе тэнгийн сургагч оюутан залуучуудын оролцоотойгоор "Улаан туузтай автомашин" ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулав.
Автомашины цуваа Мөрөн хотын ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллага, зах дээр үйл ажиллагаа явуулж буй иргэд зэрэгт ХДХВ/ДОХ өвчин түүний халдварлах зам, сэргийлэх аргын талаар мэдээлэл өглөө. ДЭМБ-аас ДОХ-оос сэргийлэх дэлхий нийтийн хөтөлбөрөөс жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг Хүний дархлал хомсдлын вирусын халдвараас сэргийлэхэд хүн бүрийн анхаарлыг хандуулах өдөр болгож тодорхой уриан дор үйл ажиллагаануудаа зохион байгуулдаг болжээ. Энэ жилийн хувьд ДОХ-ын эсрэг арга хэмжээнүүдийг "Таны сонголт-бидний ирээдүй" уриатайгаар зохион байгуулж байна.

Монгол Улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш ХДХВ-ийн халдвар авсан 249, нас баралтын 40 тохиолдол бүртгэгджээ. Хөвсгөл аймагт 2006 онд ХДХВ-ийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байдаг юм.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ