Л.Ганболд:Иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд түлхүү анхаарч ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол орны аялал жуулчлалын гол тулгуур төв болох Хөвсгөл аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Энэ оныг “Хариуцлага хамтын ажиллагааны жил” болгон зарлаж төрийн албан хаагчид зүтгэж, итгэж, сэтгэж ажиллажээ. Энэ тухай Хөвсгөл аймгийн Засаг дарга Лхагвасүрэнгийн Ганболдтой нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа.
- Сайхан өвөлжиж байна уу ? Хөвсгөл аймгийн хэмжээнд өвөлжилт хэр байна. Эндээс ярилцлагаа эхэлье
-Энэ жил өвлийн сар гарсан ч гэсэн дулаахан өнтэй сайхан өвөл болж байна. Өвөлжилт болон хаваржилтын бэлтгэлийг хангах хүрээнд агентлагуудын дарга нар болон сум орон нутгийн удирдлагуудтай 7 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж байна. Хэлтэс, агентлаг, газрын дарга нар тус бүр нэг, нэг сум хариуцан ажилласны үр дүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, мэдээлэл солилцох арга зүйн зөвлөмж өгч шаардлагатай үед газар дээр нь ажилласан. Нийт нутгаар гандуу байсны улмаас хадлан өвс бага гарсан хэдий ч бүхий боломж нөхцөлөө дайчлан ажиллаж аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 80 гаруй хувьтай хангасан. Одоогоор өвөлжилт хүндэрсэн сум, баг байхгүй өвлийг өнтэй давах зорилтын хүрээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
- Та Хөвсгөл аймгийн Засаг даргын ажлыг аваад жил гаруй хугацаа өнгөрлөө. Засаг даргын дөрвөн жилд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн биелэлт хэр явж байна ?
-Тиймээ бид аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг “Хөгжлийн хөтөч” гэж нэрлэсэн. Тус хөтөлбөрийн хэрэгжилт биелэлтийг хангахын тулд бүх төрийн захиргааны байгууллагын түвшинд болон аймгийн ИТХ-тай хамтран бодлогоо хэрэгжүүлэн ажиллаж байна. “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр нь нийгмийн хөгжлийн бодлого, эдийн засаг, орон нутгийн хөгжлийн бодлого, засаглалын бодлого гэсэн гурван тэргүүлэх чиглэлтэйгээр 14 дэд хөтөлбөр, 115 бодлогын зорилт, 655 заалт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Үүний дагуу 1338 хоногийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр 458 дахь хоног дээрээ үйл ажиллагаагаа дүгнэж байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа бодлого төлөвлөлтийг дүгнэж харахад нийт 655 арга хэмжээ төлөвлөснөөс 100 хувийн биелэлттэй 89 заалт, 70 хувийн биелэлттэй 249 заалт, 40 хувийн биелэлттэй 227 заалт, хэрэгжээгүй буюу үнэлэх боломжгүй байгаа 64 заалт байна. Үнэлгээ тогтоох боломжгүй 26 заалт байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг дүгнэхэд 55,5 хувийн биелэлттэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Энэ бол бид бүхний Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа баг хамт олны үр дүн, ажлын хэрэгжилт гэдгийг хэлмээр байна. Энэ бүхнийг дүгнэж үзвэл хийж хэрэгжүүлэх ажил хугацаандаа хэрэгжиж байна. Гэхдээ төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан зарим заалт болон хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа боловч үлдэж буй хугацаанд бид бүхэн хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаж чадна гэсэн зорилт тавьсан.
-Та төсвийн хүндрэлтэй үед бүсээ чангалан хэмнэж ажиллахыг төрийн байгууллагуудад үүрэг болгож байсан. Энэ жил Хөвсгөл аймагт бүтээн байгуулалтын ажил хэр өрнөв ?
-Өмнөх жилүүдийг бодоход 2017 онд Хөвсгөл аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хүнд үе байлаа. Төсөв санхүүгийн хүндрэлтэй үед хэмнэж болох зардлуудыг аль болохоор хэмнэж, бүсээ чангалан ажилласан. Гэсэн хэдий ч төсөл хөтөлбөр, олон улсын байгууллага, орон нутаг болон улсын төсвөөр чамлахааргүй бүтээн байгуулалтын ажил хийлээ. 2016-2017 онд манай аймагт 320 хүүхдийн гурван сургуулийн хичээлийн байрыг ашиглалтанд оруулж хоёр сургуулийн байрыг шинээр барьж эхлээд байна. Мөн зургаан сургууль барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн улсын төсөв хөрөнгө оруулалтанд тусгуулсан. Нийт 23 сум, нэг тосгоноос 11 сумын сургууль шинэ байртай болж хүүхэд багачууд маань ая тухтай орчинд суралцах боломжтой боллоо. Мөн сурагчдын дотуур байр гурвыг, хүүхдийн цэцэрлэг тавыг, соёлын төв гурав, ус ариун цэврийн байгууламж долоог ерөнхий боловсролын сургуульд шинээр барьж ашиглалтад орууллаа. Мөн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал Мөрөн сумын нэгдүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилгын ажлыг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ашиглалтад орууллаа. 2018 онд Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг Японы өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хамтарч хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрнгө оруулалтаар дотуур байр 3, хүүхдийн цэцэрлэг хоёрыг барихаар шийдвэрлүүлээд байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны бүрэн эрхийг хэрэгжүүлж буй энэ хугацаанд Эрүүл мэндийн төвийн барилга гуравыг, өрхийн эмнэлгийн өргөтгөл хоёр, Галт суманд Ахмадын ордон, Эрдэнэбулган суманд спорт заалны ажлыг эхлүүллээ. Түргэн тусламжийн 9 автомашины асуудлыг шийдэж, 31 багийн эмчийг унаажуулж мотоцикль олгосон. Мөн 130 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ нийлүүлж ирэх онд Мөрөн суманд 30 ортой Халдварт сүрьеэгийн эмнэлэг барих асуудлыг улсын төсвөөр шийдүүллээ. Төсвийн хүндрэлтэй энэ үед бид чамлахааргүй хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэн ажиллаж байна.
- Та “Хөвсгөл аймгийнхаа бүх иргэдийг 2020 он гэхэд эрүүлжүүлнэ” гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна ?
-Эрүүл иргэнтэй байж л улс орон маань хөгжинө шүү дээ. Энэ ч үүднээс нийгмийн хөгжлийн суурь болсон “Эрүүл иргэн эрхэм баялаг” хөтөлбөрийн хүрээнд иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Хөвсгөл аймгийнхаа 130 мянган иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах ажлыг энэ онд эхүүлж зургаан суманд ажиллалаа. Ирэх онд үргэлжлээд бүх суманд эрүүл мэндийн баг ажиллаж 2020 он гэхэд аймгийн маань 130 мянган иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд орж бүгд бүртгэлжүүлсэн карттай болох юм. Мөн хүнд өвчтэй байгаа иргэдээ эмчлэх сувилах ажлуудыг зохион байгуулж дэмжиж туслаж ажилахаар зорьж байгаа. Орхон аймгийн Медипас эмнэлэгтэй хамтарч 100 төрийн албан хаагчийг үзлэг оношилгоонд хамруулж дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Үүнд боловсролын болон эрүүл мэндийн байгууллага, төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчиддаа хөнгөлттэй үзлэг оношилгоонд хамруулж 19 сая төгрөгийг зарцуулсан. Хамгийн гол хүн эрүүл мэнддээ анхаарч цаг зав гаргаж байх нь чухал гэж хувь хүний хувьд боддог.
- “Боловсрол бирж”-ийг шинэчлэн байгуулж бүх сургуулиудад хяналт шинжилгээ үнэлгээ хийх үүрэг өгч байсан. Энэ ажлын үр дүнд ямар нэгэн ахиц, амжилт гарсан уу ?
-Эх орны ирээдүйг сурган хүмүүжүүлж байгаа боловсролын байгууллага, тэр дундаа багш, сурган хүмүүжүүлэгч нар чадвартай байх ёстой. Энэ үүднээс “Боловсрол бирж”-ийг шинэчлэн байгуулж тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Энэ шийдвэрт зарим иргэд таатай бус хандаж байсан. Олон жил ажилласан багш нарыг шалгах юмуу, ямар ач холбогдолтой юм гэж иргэд ч асууж байсан. Боловсролын салбарт хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж ажлаад нэг жил өнгөрлөө. Энэ ажлын үр дүнд манай аймгийн боловсролын салбарт чанарын өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Хөвсгөл аймаг 2016 онд улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 17 дугаар байранд орж байсан бол энэ онд наймдугаар байранд орсон амжилтыг онцлон дурьдмаар байна. Энэ бол боловсролын салбарт манай багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид, удирдлагууд, эцэг, эх хүүхдүүдийн оролцоо дэмжлэг идэвх санаачлага сайжирсаны үр дүнд тодорхой амжилтыг гаргалаа. Амжилтаа жил бүр бататгаж, урагшилж ажиллахыг зорьж байна. Боловсрол биржийн шалгалтанд орж хамгийн их оноо авсан чадварлаг хүмүүст ажилд орох боломж бүрдэж, таньдаг хүнээ ажилд авдаг, мөнгө төгрөг өгч байж ажилд ордог гэсэн иргэдийн дундах хардалт бүрэн арилсан. Багш нараа чадваржуулах зорилгоор массын сургалтыг гурван удаа зохион байгуулж нийт багш нарыг 80 гаруй хувийг сургалтанд хамруулаад байна.
- Битүү зах ашиглалтад орохыг иргэд олон жил хүлээлээ. Хэзээ ашиглалтанд орох вэ ?
-Битүү зах буюу “Шинэ Мөрөн” худалдааны төвийн барилгын ажил гүйцэтгэгч компаний ажлын явцаас шалтгаалж өнөөдрийг хүрч байна. Эхлээд нэг давхар гэж төлөвлөж байснаа дараа нь хоёр давхар болж, үүнээс шалтгаалаад төсөв санхүүгийн асуудал гарч ирсэн. Өнөөдрийн байдлаар битүү захын барилгын ажлын гүйцэтгэл дуусч байгаа боловч санхүүжилтэд нь дулаан, бохирын шугам хийх, холбох төсөв тусгагдаагүй учраас ашиглалтад орох хугацаа хойшилсоор байна. Гэхдээ дээрх асуудлыг орон нутаг эхний ээлжинд өөрсдийн боломжоор шийдвэрлэн ашиглалтад оруулахад бэлэн болсон. Тус зах ашиглалтад орсноор тогтмол 300 ажлын байр бий болох, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр стандартын орчинд үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Мөн Их-Уул суманд сүүний үйлдвэр ашиглалтанд орсон. Мөрөн суманд Мах маркетийн үйлдвэрийг ашиглалтад орох гэж байна. Манай аймаг өөрөө нийт зарлагынхаа 10 хүрэхгүй хувийг өөрсдөө бүрдүүлдэг. Энэ асуудалд онцгой анхаарч өөрсдөө орлогоороо зарлагаа нөхдөг байхын төлөө бид ажиллаж байна.
- Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын тулгуур төв гэж үздэг. Гадна, дотны жуулчдыг татах зорилгоор хийж буй ажлын талаар тодруулбал ?
-Тиймээ. Манай аймаг аялал жуулчлалын гол бүс нутаг. Жил бүр гадаад, дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдсээр байна. Энэ онд 90 орчим мянган жуулчин ирсэн. Цаашид аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор аялал жуулчлалын цогцолборуудыг барих ажлыг эхлүүлсэн. “50 100” цогцолборын ажил эхэлсэн, ирэх онд бүрэн дуусна. Гадна дотны аялагч жуулчлагч хэн бүхэн, очдог үзэж, хардаг, дээрээс нь үйлчлүүлдэг үйлчилгээний цогцолбор бий болно. Цаашдаа бөө мөргөлийн “Онгод” төв, “Далай ээжийн шүтээн” цогцолборын зураг төслийг нутгийн зураач урчуудын дэмжлэгтэйгээр боловсруулсан ирэх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж дуусгана. Мөн “Мөсний баяр”, “Цаатан фестиваль”, “Сарлаг наадам”, “Алунгоо эхийн сургаалийн баяр” зэрэг эвент арга хэмжээ тогтмол явагддаг болсон. Хөвсгөл нуурын ойр орчимд болон Хөвсгөл аймагт аялал жуулчлалын тогтвортой байдлыг бий болгох зорилгоор олон улсын байгууллага болон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван сая ам.долларын төсөл хэрэгжиж байна. Мөн ирэх оны дөрөвдүгээр сараас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 38 сая ам.долларын төслийг Хөвсгөл аймаг аялал жуулчлалын салбартаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Энэ оноос эхлэн сумдыг нэгдсэн халаалтанд холбох ажлыг эхлүүлсэн. Энэ ажил хэр урагштай явж байна ?
-Энэ оны онцлох нэг ажил бол бол Галт, Рашаант, Бүрэнтогтох, Жаргалант, Төмөрбулаг гэсэн таван сумын төвийн нэгдсэн халаалтын асуудлыг шийдэж, төр захиргааны байгууллагууд хувийн хэвшлүүд нэгдсэн халаалтанд холбогдсон. Энэ нь байгаль орчныг хамгаалах, дээрээс нь аятай тухтай ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх асуудлыг бүрэн шийдсэн. Ирэх онд Арбулаг, Алаг-Эрдэнэ Баянзүрх сумуудыг нэгдсэн дулааны шугам сүлжээнд холбох зорилт тавин ажиллаж байна. Нэг сум нэгдсэн халаалтанд холбогдсоноор 800-1000 шоо метр модны хэрэглэдгийг багасгаж, байгальд халгүй орчин үеийн технологитой болох эхлэлийг бид тавилаа.
- 2017 оныг “Хариуцлага хамтын ажиллагааг сайжруулах жил” болгон зарласан. Нэрлэсэн жилийн ажлыг дүгнээд хэлбэл ?
-Бид 2017 оныг “Хариуцлага хамтын ажиллагааг сайжруулах жил” болгон зарлаж нэрлэсэн жилийн эхэнд аймгийнхаа нийт төрийн албан хаагчидтайгаа зүтгэж, итгэж, сэтгэж буюу “ЗИС”-ийн зарчмыг баримтлан ажиллахыг уриалж төрийн байгууллагын удирдлагуудтай итгэлцлийн гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээний хүрээнд төрийн байгууллага бүр өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан олон шинэ ажлыг хийж хэрэгжүүлсэн. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, тэдний өмнө тулгамдаж буй асуудал цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцахаар давхардсан тоогоор 168 байгууллагын үйл ажиллагаатай танилцаж үүрэг чиглэл өглөө. Мөн аймгийнхаа 23 сум нэг тосгонд очиж 6000 гаруй иргэдтэй нүүр тулан уулзаж санал бодлыг нь сонслоо. Бид зүтгэж, итгэж, сэтгэж ажилласан жил байлаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээс товч танилцуулахад ийм байна. Энэ бол Хөвсгөл аймгийн 130 мянган иргэд, төрийн албан хаагчдын хамтын бүтээл гэдгийг би онцлон хэлмээр байна. Цаашид хоймор нутгийнхаа хөгжлийн төлөө, Хөвсгөл хүний сайн сайхны төлөө бид баг хамт олноороо зүтгэх болно.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
.