Н.Манделагийн оршуулгын ёслолд Хөгжлийн сангийн мөнгөнөөс авч ашигласныг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-05 13:00:45
ПРЕТОРИ. /Би-Би-Си/. Дөрвөн жилийн өмнө болсон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ Ерөнхийлөгч агсан, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцэгч Нельсон Манделагийн оршуулгын ёслолын үеэр албаны хүмүүс хэдэн сая долларыг зүй бусаар ашигласныг тус улсын Авлигатай тэмцэх газар /АТГ/ олж тогтоосон тухай "Би-Би-Си" телевиз мэдээлэв.

ӨАБНУ-ын АТГ-ын албаны хүмүүсийн хийсэн хяналт шалгалтын тайланд дурдсанаар, холбогдох албаны хүмүүс Н.Манделагийн оршуулгын ёслолд зориулан Хөгжлийн сангийн 22 сая ам.долларыг авч ашигласан байна.

Тус сангийн мөнгийг “ариун цэврийн байгууламжууд барих, сургууль, цэцэрлэг болон эмнэлгийг засварлах” зэрэгт зарцуулах ёстой гэнэ. Гэтэл албаны хүмүүс энэ сангийн төсвөөс 22 сая ам.долларыг авч, оршуулгын ёслолд оролцогчдод өмсүүлэх, нэг нь 24 ам.долларын үнэтэй футболк мэтийн зүйл худалдан авахад зарцуулсан байжээ.

2013 оны 12 дугаар сард Н.Манделатай салах ёс гүйцэтгэснээс хэдхэн сарын дараа буюу 2014 оны эхээр  “Хөгжлийн сангийн мөнгийг буруугаар ашигласан байж магадгүй” гэсэн мэдээлэл гарч эхэлсэн юм. 95 насандаа таалал төгссөн түүний оршуулгын ёслолд олон орны төр засгийн газрын тэргүүнүүд оролцож байсан билээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ