Аялал жуулчлалын салбарынхан дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-12-05 16:57:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БОАЖЯ-тай хамтран дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх, зочлох үйлчилгээний олон улсын эксперт, сургагч багш, судлаач Стив Нөүкс удирдан явуулж буй юм. Тэрбээр аялал жуулчлалын салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа арвин туршлагатай мэргэжилтэн бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд тэрбээр Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Азийн Хөгжлийн Банкны болон бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тогтвортой аялал жуулчлалын төслийн зөвлөхөөр хамтран ажиллаж байна.

Гурван өдөр үргэлжлэх тус сургалт хоёр өдөр танхимын, нэг өдөр техникийн эрчимжүүлсэн хэлбэрээр үргэлжлэх юм. 
Техникийн сургалтыг маргааш Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын гол бүс болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар явуулна. Энэ үеэр “Тогтвортой аялал жуулчлалын дэлхийн стандарт” тогтвортой менежмент, нийгэм эдийн засаг, соёлын болон хүрээлэн буй орчны нөлөө буюу нөөц баялгийн хэрэглээ, орчны бохирдлыг багасгах, биологийн төрөл зүйл, байгаль хамгаалал зэрэг шалгуурт хэрхэн нөлөөлдөг талаар танилцуулах аж.
Тус сургалтад БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, дүүргүүдийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, 21 аймгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, аялал жуулчлалын багш, судлаачид, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс нийт 150 хүн хамарч байна. 
Ж.Болор
Холбоотой мэдээ