Танин мэдэхүйн мэдээллийн танхимыг анхны байгаль хамгаалагчаар овогложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-12-06 14:54:46
Дундговь /МОНЦАМЭ/ Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа сургалт мэдээллийн танхимаа тус газрын анхны байгаль хамгаалагч Ж.Цэмбэлдоржийн нэрэмжит болгон нээжээ. Байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа цуглуулсан байгалийн үзмэрүүдийг нь дэлгэж, олон жилийн турш судалж ажигласан ургамал, ан амьтны мэдээлэл, ном товхимол, ажил хөдөлмөрийн нь намтар түүхийг танилцуулсан байна. Э­­­­нэ танхимыг цаашид танин мэдэхүйн мэдээллээр баяжуулж, иргэд олон нийт, Дундговьд ирсэн хэн бүхний зорин ирдэг төв болгоно гэж байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Р. Баттүвшин хэллээ.

Ж.Цэмбэлдорж хүний бага эмч мэргэжилтэй. Тэрээр Өндөршил сумын уугуул бөгөөд Өндөршил, Гурвансайхан, Цагаандэлгэр суманд хүний бага эмчээр олон жил ажиллаж байгаад 1985 оноос эхлэн Гурвансайхан сумын Их газрын чулууны байгаль хамгаалагчаар ажилласан байна. Эмчээр ажиллаж байхдаа эмнэлэг гэгээрлийн танхим байгуулж, эмийн ургамал түүж хатаан эмчилгээнд хэрхэн ашиглах талаар судалдаг, түүний өрөөгөөр орсон хүн элдэв ургамлын үнэр үнэртэж, өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох аргуудтай танилцаад гардаг байжээ. Эмийн ургамлууд судалж, өвчин анагаахад ашигладаг байсан нь хожим түүнийг байгаль хамгаалагчаар ажиллах сонирхолд хөтөлсөн тухай хуучилж байна.
Тэрээр Их газрын чулууны ан амьтан, ургамал, мод чулуу, хад асга, түүх соёлын дурсгал нэг бүрийг нүдлэн хамгаалж явсаар 2003 оны зургадугаар сард УИХ-ын тогтоолоор Их газрын чулууны уулыг байгалийн нөөц газарт бүртгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Үүнээс улбаалаад уг газрыг 2012 оны тавдугаар сард УИХ-ын тогтоолоор байгалийн цогцолбор газар болгон хилийн заагийг нь өргөжүүлж, 2013 оны 11 дүгээр сард Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг байгуулжээ.
Их газрын чулууны унаган төрхийг хамгаалахад олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн байгаль хамгаалагч Ж.Цэмбэлдоржийн хөдөлмөр бүтээлийг алдаршуулж, хойч үед таниулж үлдээх зорилгоор нэрээр нь овоглосон танин мэдэхүйн танхимыг ийнхүү нээсэн байна.
 
T. Отгонтуяа
 
 
Холбоотой мэдээ