Палестинчууд болон Израилийн цэргүүд мөргөлдсөний улмаас 2 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-09 12:53:05
ИЕРУСАЛИМ. /Киодо/. Палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсны улмаас хоёр хүн амь үрэгдэж, 760 гаруй хүн шархадсан тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн лхагва гарагт Иерусалим хотыг “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрч байгаагаа зарласантай холбоотойгоор палестинчууд баасан гарагт буюу өчигдөр Иерусалимд болон Израильд эзлэгдсэн газруудад эсэргүүцлийн жагсаал цуглаан хийжээ.

Иордан голын Баруун эрэгт орших Бифлеем хотод эсэргүүцлээ илэрхийлэгчид Израилийн цэргүүд рүү чулуу нүүлгэсэн байна. Үүний хариуд Израилийн цэргүүд жагсагчдыг резинэн сумтай буугаар буудаж, нулимс асгаруулагч хий цацжээ.

Газын зурваст эсэргүүцлээ илэрхийлэгчид Д.Трампын зургуудыг шатааж, Израилийн цэргүүд рүү чулуу нүүлгэжээ. Хариуд нь Израилийн цэргүүд жинхэнэ сумтай буугаар жагсагчид руу галласан гэнэ.

Мөн Газын зурвасаас Израиль руу хоёр пуужин харвасан байна. Израилийн тал хариуд нь Палестины тал руу их буугаар галлажээ. Үүний улмаас ямар нэг хохирол учирсан гэх мэдээлэл байхгүй байна.

УЗН-ийн албаны хүмүүсийн хэлснээр, хоёр талын мөргөлдөөний үеэр Газын зурваст хоёр хүн амь үрэгдэж, 760 гаруй хүн шархадсан гэнэ. Амь үрэгдэгсэд нь палестин хүмүүс аж.
Г.Доржханд
Холбоотой мэдээ