Сургууль дээрээ гадуурхагдсан хүү олны анхаарлыг татлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-12 20:39:38
СПЛЕТНИК. /МОСКВА/. Үеийнхэн нь өөрийг нь хэрхэн басамжлан доромжилдог тухайгаа ярьж дүрс бичлэг хийн нийгмийн сүлжээнд тавьсан нэгэн Америк хүү олны анхаарлыг ихэд татаж байгаа тухай "СПЛЕТНИК" цахим хуудас мэдээлжээ.

АНУ-ын Теннеси муж улсын Ноксвилл хотод оршин суугч Китон Жонс хэмээх хүү “Тэд миний хамрыг шоглодог. Намайг "царай муут" гэж дууддаг. Тэд намайг ямар ч найзгүй гэдэг. Яагаад намайг дооглоод шоглоод байгаа юм бэ?” гэж нулимс дуслуулан ярьсан байна.

Харин  түүний ийн нулимс дуслуулан ярьсныг харуулсан дүрс бичлэгийг 30 сая гаруй хүн нийгмийн сүлжээгээр үзэж, хүүгийн эр зоригийг олон алдартан үнэлж, түүгээр ч үл барам түүн рүү найзын хүсэлт илгээжээ. Тухайлбал, Канадын поп дуучин Жастин Бибер дүрс бичлэгийн доорх сэтгэгдэл үлдээх хэсэгт “Дүү минь, би чиний найз. Би чам руу найзын хүсэлт илгээлээ. Хоёулаа ярилцъя” гэж бичжээ.

Харин Америкийн жүжигчин Марк Руффало “Найз минь, бага байхад надаар ч гэсэн олон хүүхэд доог тохуу хийдэг байсан. Чи бол миний хувьд супер баатар. Сэтгэлийн хаттай бай” гэжээ.

Мөн Канадын алдарт жүжигчин Патрик Жей Адамс “Бид чамайг сонсож байна. Би ч гэсэн гадуурхагдаж байсан удаатай. Гэхдээ чиний хийснийг би хэзээ ч хийж чадаагүй. Үнэнээ хэлсэн явдал чинь нөхцөл байдлыг сайн тал руу эргүүлэхэд хүргэлээ. Зоригтой байсанд чинь талархаж байна” хэмээн сэтгэгдлээ үлдээсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ